Тарихаас гадна арчилж тордох нь хамгийн чухал гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-20 17:54:05
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ын харьяа “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газрын ажилтнууд тохижилт үйлчилгээнээс гадна сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сайжруулах чиглэлээр  ажилладаг.
Тэд тарьсан зарим модныхоо доод хэсгээс тайрч хэлбэржүүлэлт хийж байна. Энэ нь тухайн модны доод хэсгийн зарим жижиг хэрэгцээгүй мөчрийг тайрч, будаг түрхснээр шим шүүс нь голынхоо үндсэн модонд шилжиж өнгө зүс хэлбэр сайтай, үзэмжтэй сайхан ургах боломжийг бүрдүүлдэг аж. Мөн энэ хавар цэвэрлэгээний тайралтыг ч хийжээ. "Говьд ургах тохиромжтой улиас, хайлаас зэрэг модонд хэлбэржүүлэлт хийхэд тухайн мод сайхан ургадаг. Тарихаас гадна арчилж тордох нь хамгийн чухал" гэж “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газрын дендерлогич Б.Баярхүү өгүүлэв. 
Цаг наргүй ажилладаг энэ байгууллагынхан удахгүй болох аймгийн баяр наадмыг угтан төв цэнгэлдэх хүрээлэнгээ зүлэгжүүлэх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж буй. Хот тохижилтын ажилтнуудын хувьд энэ жил Сайншандаас урагш 20 гаруй км газарт буй “Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн”-д улиас,хайлаас, заг, сухай зэрэг дөрвөн төрлийн 10-аад мянган мод  суулгасан нь хамгийн том газрыг хамарсан тариалалт болсон бөгөөд ургалт нь ч  сайн байгаа аж.
Х.Эрдэнэбулган   
Холбоотой мэдээ