Сихотэ- Алиний солирын хэсэг Дундговийн музейд хадгалагддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-21 16:49:30
Дундговь/МОНЦАМЭ/ Хийн мандалд орж ирэн, шатаж дуусалгүйгээр дэлхийн гадарга дээр унасан биет бол солир юм. Солирыг унасан газрынх нэрээр голдуу нэрлэдэг  бөгөөд Дундговь аймгийн музейд тус тусын онцлогтой гурван янзын солир үзмэр болон хадгалагдаж байна. Эдгээрийн нэг болох Тугалын бүлээний солирыг Монголын Соёлын өвийн төв түүх соёлын дурсгалын хосгүй үнэт зэрэглэлд багтаан бүртгэсэн байдаг.
Энэ нь Хулд сумын нутаг Бүлээн багийн нутаг Алаг уулын Өлгийн бууцны дэргэд унасан солир юм. 1967 оны хоёрдугаар сарын гуравны өглөө 8 цаг 30 минутад энэ солир унасаныг үнээгээ сааж байсан малчин харсан гэдэг. Унах агшныг хүн олж харсан, мөн төмөр, чулууны холимог бүтэцтэй гэдгээр бусад солируудаас  онцлогтой юм байна. Энэ үүднээс Олон улсын солир судлалын институтын бүртгэлд багтсан  ажээ.
Нөгөө нэг нь Сихотэ- Алиний солир бөгөөд энэ нь ОХУ- аас тус аймгийн музейд ирсэн байна.  ОХУ- ын Приморийн хязгаарын Сихотэ- Алинь уулын баруун суганд 1944 оны хоёрдугаар сарын 12- ны 10 цагт солирон бороо орсон гэдэг. Солирын хамгийн том хэсэг нь 1745 кг, тэр нь 26 м диаметртэй нүх гаргасан байжээ. Харин энэ солирын хэсэг Дундговь аймгийн музейд яагаад ирсэн бэ гэвэл, Тугалын бүлээний солирыг ОХУ- д аваачиж шинжлэхээр хэсэгчлэн авахдаа Сихотэ- Алиний солирын хэсгээр солилцсон түүхтэйг музейн захирал М. Бямбажав хэлсэн юм.
Гуравдахь солир нь 90 хувийн төмөр солир. Түүнийг  Луус сумын  нутаг Сариг хайрханаас олсон бөгөөд хэзээ унасан нь тогтоогдоогүй.  1972 онд аймгийн музейн эрхлэгчээр ажиллаж байсан Ц. Авирмэд Зуутын хийдэд суудаг Лувсан хэмээх хүнээс авчирсан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байна.  Энэ солирыг 1979 онд Ленинград хотын Дубнагийн цөмийн шинжилгээний институтэд шинжлээд төмөр солир хэмээн тодорхойлсон ажээ.
 
Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ