Архангай аймгийн таван суманд малын галзуу өвчин гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-22 10:09:03
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт он гарсаар малын галзуу өвчин Хашаат, Жаргалант, Цэцэрлэг, Өндөр-Улаан, Хотонт суманд 11 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Эхнийх нь өнгөрөгч 2 дугаар сарын 10-нд Хашаат суманд бүртгэгдсэн бол хамгийн сүүлийнх нь Жаргалант сумын Зуслан багийн “Таравтын-Ам” гэдэг газарт бүртгэгджээ. Тус газарт байгаа малчин Б-гийн хотонд энэ сарын 18-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг дайрсан ба үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 6 дугаар сарын 19-ний өдрийн хариугаар галзуу өвчин болох нь тогтоогдсон байна. 

Өнөөдрийн байдлаар өвчин гарснаас хойш Жаргалант сумын Хоолт, Зуслан баг, Хотонт сумын Өндөрсант, Хашаат сумын Номгон багуудад мал амьтны халдварт галзуу өвчинтэй тэмцэж, нийт 103 мал, амьтан устган, малчдад мэдээлэл сурталчилгаа түгээх ажлуудыг хийсэн байна.

Галзуу өвчин гарах болсон шалтгаан нь ихэнх нь үнэг, чоно мэтийн зэрлэг амьтан мал руу ноцож  хазсантай холбоотой юм байна. Галзуу өвчин цаашид ч нэмэгдэж гарч болзошгүйг Зооноз өвчин судлалын төвөөс анхааруулж байгаа юм. Мөн галзуу өвчний вакциныг захиалсан байгаа ч одоо хүртэл ирээгүй байгааг ХХААГ-аас мэдээлж байна.

Өчигдөр аймгийн Онцгой комиссын хурлаас галзуу өвчин гарсан сум, багуудад мэргэжлийн багийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг ажиллуулах шийдвэр гараад байна.

Б.Гэрэлт-Од

 


Холбоотой мэдээ