Элчин сайд Андрэа Дэ Фэлип: Итали болон Шенгений визийг Улаанбаатарт олгож эхэллээ

Монголын мэдээ | Ярилцлага
mn_tuul@montsame.mn
2017-06-22 15:44:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Итали Улсын ЭСЯ нь Улаанбаатар хотноо нээгдээд нэг жил болж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд гарсан нааштай өөрчлөлтүүдийг онцолж, тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэа Дэ Фэлип сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
 
-Суурин Элчин сайдтай болсноор маш их давуу тал бий болсон гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд хийж амжуулав?

-Италийн ЭСЯ байгуулагдаад нэг жил болсны дараа Монголын олон нийтэд мэдээлэл өгөх боломж олдсондоо баяртай байна. Өнгөрсөн оны 7 дугаар сард Италийн ЭСЯ Улаанбаатарт нээсэн. Ингэснээр Итали Улсын системд байгаа байгууллагууд Монгол Улсыг сонирхож байгаагийн илрэл болсны зэрэгцээ хоёр улсын харилцаа өргөжин тэлэхэд чухал ач холбогдолтой үйл явц болсон юм. Иймд Итали Улсын ЭСЯ нь бүрэн хэмжээгээр ажиллаж байгаагаа дуулгахын дээр Монгол иргэдэд виз олгох үйл ажиллагаа даваа гарагаас эхэлж байгааг хэлэхэд таатай байна.
 
Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан томоохон арга хэмжээнүүдээс дурдахад, Монгол-Италийн Засгийн газар хоорондын 2 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Хуралдааныг өмнө нь Итали Улсад зохион байгуулж байсан бол энэ удаад Улаанбаатар хотноо болсон гэдгээрээ ач холбогдолтой. Засгийн газар хоорондын хуралдааны үеэр Итали Улсаас Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаад худалдаа хариуцсан дэд сайд тэргүүтэй төлөөлөл Монгол Улсад айлчилж, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнтэй уулзан үр өгөөжтэй яриа хэлэлцээ хийсэн. Засгийн газрын хоорондын хуралдааныг зохион байгуулсан үйл ажиллагаа нь хоёр улсын эдийн засгийн харилцааг цаашид өргөжүүлэхэд шинэ хуудас нээсэн үйл явдал боллоо хэмээн бид дүгнэж байна.
 
Түүнчлэн Италийн Сенатын танхимын гишүүд Монголд Улсад айлчилсан нь хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал алхам болсон. Үүний зэрэгцээ Монгол-Италийн батлан хамгаалах яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалт нь хоёр улсын Батлан хамгаалах яамдын хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд болсон юм. Мөн Италийн сүлжмэл, нэхмэл үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооноос ноосон эдлэл боловсруулах гарын авлагыг монгол хэл рүү хөрвүүлж, Монголын Ноос, ноолуурын холбоонд хүлээлгэн өгсөн.
 
Италийн Женова хотын тэнгисийн захиргаа, Монгол Улсын Далайн захиргааны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд тус хотын далайн боомтоор Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах суваг болгон ашиглах боломжтой. Мөн санамж бичгийн хүрээнд Монголын тал өргөн ашигладаг Хятадын далайн боомтууд дээрх үйл ажиллагаагаа өргөжүүлэх бололцоотой болно.
 
Боловсролын хамтын ажиллагааны хүрээнд ЭСЯ-ны байранд Ромын Тобигатогийн их сургуулийн төлөөлөгчид ирж МУИС-ийн оюутнуудаас Тор Вергатагийн их сургуульд суралцах хүсэлтэй залуусын дунд элсэлтийн шалгалт авсан. Эдгээр оюутнуудад тэтгэлэг олгох боломжтой гэж харж байгаа. Мөн Италийн Сиена хотын их сургууль МУИС-тай хамтарч ажиллахаар болж, оюутан сололцоо, тэтгэлэг хөтөлбөртэй холбоотой санамж бичиг байгуулсан. ЭСЯ-ны хувьд 6 сарын хугацаатай гурван оюутанд тэтгэлэг олгох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Миний хувьд ирэх жилүүдэд тэтгэлэг авагчдын  тоог нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.
 
Италийн Наполигийн Дорно дахины их сургууль, МУИС-ийн Дорно дахины их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан гэдгийг энд дурдмаар байна. Санамж бичгийн хүрээнд судалгааны ажил, багш оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжих боломж бүрдэж байна.
 
Одоогоор Монгол Улс Италийн Засгийн газар хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтарч ажиллах хөтөлбөрийг шинэчлэх явц удахгүй дуусах гэж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд соёл боловсролын салбарт илүү олон шинэ боломж нээгдэх юм. Энэ дашрамд өнгөрсөн жил ЭСЯ-наас ДБЭТ-тай хамтарч “Вердийн үдэш” тоглолтыг зохион байгуулахад энэ үеэр Италиас алдартай удирдаач ирж оролцсон гэдгийг энэ дашрамд дурдах нь зөв байх.
 
-Танай Элчин сайдын яаманд монгол иргэд шууд хандаж виз авах боломжтой болсон гэж та ярианыхаа эхэнд хэллээ. Визний төрөл, хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?
 
-Италийн Элчин сайдын яамнаас Итали болон Шенгений орнуудын бүх төрлийн визийг олгоно. Гэхдээ ямар зорилгоор зорчихоос хамаарч визний хугацаа, хураамж өөр өөр байх болно. Виз мэдүүлснээс хойш ажлын гурав хоногт багтаан виз гардаг байхаар зохицуулалт хийсэн.
 
-Визээ хэрхэн мэдүүлэх, мөн хураамж хэдэн төгрөг байх бол. Өмнө нь Монгол иргэд Итали улсын визийг мэдүүлэхдээ хаана ханддаг байсан бэ?
 
-Манай Элчин сайдын яаманд онлайнаар хандах, эсвэл утсаар ярьж цаг авч болно. Визний хураамж ч мөн адил зорчиж буй зорилго, төрлөөсөө хамаараад харилцан адилгүй  байх юм. Улаанбаатар дахь Элчин сайдын яам ажиллаж эхлэхээс өмнө Монгол иргэд Бээжин дэх Италийн Элчин сайдын яаманд виз мэдүүлдэг байсан. Харин албан шугамаар зорчиж байгаа иргэд Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яаманд хандаж виз мэдүүлдэг байв. Харин энэ даваа гарагаас эхлэн Монгол иргэд Бээжин явах шаардлагагүй, Улаанбаатарт байгаа Италийн Элчин сайдын яаманд хандаад визээ авдаг боллоо. Ингэснээр хоёр улсын иргэд хоорондын болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцаа өргөжин хөгжихэд томоохон алхам болж байна.
 
-Италид Монгол оюутнуудыг тэтгэлгээр сургана гэлээ. Тэтгэлгийн хэмжээ хэд байх, мөн хэдэн оюутан ямар мэргэжлээр суралцах боломжтой гэж харж байна вэ?
 
-Италийн сургуулиудаас олгож байгаа тэтгэлгийн нөхцөл нь сургуулиасаа хамаарч өөр өөр байдаг. Харин Гадаад харилцааны яамнаас олгож буй тэтгэлгийн хувьд сургуулийн төлбөр болон байрны төлбөрийг нь хариуцаж байгаа. Энэ жил гурван оюутанд тэтгэлэг олгоно. Ирэх жилүүдэд хэдэн оюутанд тэтгэлэг олгох тухайд одоо хэлэхэд эрт байна.
 
Учир нь Монгол Улсад анх удаа дипломат төлөөлөгчийн газар нээгдэж, цөөн тооны оюутныг явуулах гэж байна. Суралцах сонирхолтой оюутнууд олон байвал бид цааш нь асуудал тавихад хялбар байх болно. Би хувьдаа Италид суралцах Монгол оюутны тоо олон болоосой гэж хүсч байна. Тиймээс Монголын боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Цаашид ч хамтран ажиллахад бэлэн байна.

-Манай улсад Италийн хичнээн аж ахуй нэгж, хэдэн хувь хүн бизнес эрхэлж байна вэ. Ямар салбарт үйл ажиллагаа явуулах сонирхолтой байдаг вэ. Цаашид хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр төлөвлөж буй ажлууд тань юу вэ?
 
-Итали Улсын цөөн тооны компани Монголд үйл ажиллагаа явуулж байна. Голлон барилга, дотоод засал чимэглэлийн компаниуд байдаг. Миний хувьд Италийн бизнес эрхлэгчид Монголд ирээд хамтарч ажиллах өргөн боломжтой гэж боддог. Хоёр улсын хамтын ажиллагааны боломжийн тал дээр би нэг зүйлийг нэмж хэлье. Монголын 60 сая толгой малаас авах ашиг шим, түүхий эдийг Италийн технологиор баяжуулан дэлхийн зах зээл дээр хамтарсан бүтээгдэхүүн гаргах боломжтой. Мөн Монголын  түүхий эд органик шинж чанартай учраас дэлхийн зах зээл дээр түүгээр хийсэн эцсийн бүтээгдэхүүн өндөр үнээр зарагдах магадлал өндөр юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нь жилийн 365 хоногт нартай, байгаль нь бохирдолгүй зэрэг дэлхийд танигдсан давуу талаа ашиглан Итали Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлвэл бид  амжилттай байна гэдэгт би итгэлтэй байна.
Б.Туул
Холбоотой мэдээ