Г.Аким: Монгол судлалд тэргүүлэх ач холбогдол өгөх хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
dogsom@montsame.mn
2017-06-22 16:05:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагааны үндсэн болоод хамгийн онцгой чиглэл нь Монгол улсыг гадаадад сурталчлах билээ. Энэ үүргийнхээ дагуу агентлагийн Гадаадад мэдээлэх нэгдсэн редакцаас англи, орос, хятад, япон хэлээр долоо хоног тутмын сонин эрхлэн гаргаж, мэдээний цахим хуудсыг ажиллуулдаг. Мөн агентлагийн Гадаад мэдээний редакц дэлхий даяар өрнөж буй үйл явдлын шинэ, соргог мэдээг цаг алдалгүй орчуулан монгол уншигчдадаа хүргэдэг юм. Тийм ч учраас, 96 жилийн түүхтэй тус агентлагийн үйл ажиллагаанд орчуулагч, сэтгүүлчийн хувь нэмэр эн тэнцүүхэн байж ирсэн.
6 дугаар сарын 16-ны өдөр МОНЦАМЭ агентлагийн залуу орчуулагчид өөрсдийн санаачлагаар нэрт орчуулагч, сэтгүүлч, судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Хатагин овогт Готовын Аким гуайтай орчуулгын талаар нээлттэй ярилцлага өрнүүлсэн юм. Чадварлаг орчуулсан номуудаараа ард түмний хайр, талархлыг хүлээсэн энэ эрхэмтэй сэтгүүлзүй, орчуулга, ном, судалгаа, монгол судлал зэрэг сэдвээр ярилцсанаа дор сийрүүлэв.
-Та МОНЦАМЭ агентлагт ажиллаж байсан хүн. Анх хэрхэн холбогдож байв?
Би Улсын Багшийн дээд сургуулийн (Өнөөгийн Монгол Улсын Боловсролын их сургууль) гуравдугаар ангиас орчуулга оролдож эхэлсэн юм. Тэр үед миний хүргэн ах Монголын радиод ажилладаг байлаа. Миний орчуулга хийх гээд хорхойсоод явааг мэдээд надад МОНЦАМЭ-ийн мэдээнээс аваачиж өгдөг байсан юм. Тэгж би анх МОНЦАМЭ агентлагтай холбогдож байв. Сүүлд нь орчуулагч болчихсон хойноо буюу “Энх тайван–Социализмын асуудал” сэтгүүлд ажиллаж байх үедээ МОНЦАМЭ-ийн Гадаад мэдээний хэлтсийн орчуулагчидтай намын хурлын материал орчуулдаг байсан. Голдуу шөнийн цагаар л сууна даа. Заримдаа амралтын өдрүүдээр ч орчуулах мэдээ ихтэй байвал би очиж суудаг байлаа. Би МОНЦАМЭ-тай эрт үеэс холбогдсон.
Дараа нь 1990 онд “Бөмбөрцөг” нэртэй орчуулгын сонин хийх саналыг МОНЦАМЭ агентлагийн тэр үеийн захирал С.Баяр надад тавьсан юм. Би гаргавал монгол сонин л гаргана гэтэл “Та чадах юм бол хий л дээ” гэж байна. “Ил товчоо” сониныг гаргаж эхэлсэн түүх ийм. Тэр ондоо туршилтын хоёр дугаар гаргасан юмдаг. “Ил товчоо” сонин 1991 онд албан ёсоор гарч эхлээд МОНЦАМЭ агентлагийн дэргэд хоёр жил гаруй болсон. Засгийн газрын агентлагийн дэргэд төр засгаа шүүмжилдэг сонин байж болохгүй шалтгаанаар, басхүү чөлөөт сонин байх нь зүйтэй гэж үзсэн учраас манай сонин 1993 онд биеэ дааж байлаа. Монголд чөлөөт хэвлэлийн үндэс суурийг анхлан тавьж буй нь тэр байсан гэж боддог. “Ил товчоо” сонин Монголын анхны чөлөөт хэвлэл байсныг уншигчид мэднэ. 1999 онд би сониноо хаачихсан юм.
-МОНЦАМЭ агентлагийн Монголын сэтгүүлзүйн хөгжилд оруулсан хувь нэмрийг та хэрхэн хардаг вэ?
Би МОНЦАМЭ агентлагийн Удирдах зөвлөлийн гишүүн байсан. Миний үед МОНЦАМЭ агентлагийн чадалтай орчуулагч, сэтгүүлчид хаана шинэ үйл явдал болж байна, тэрийг олж сурвалжилж чаддаг, тэрнийгээ гадаадад мэдээлдэг байсан. Одоо бодоход МОНЦАМЭ тэр үед нэртэй ч байж, олон ч сайхан сэтгүүлчид ажиллаж байж. Гадаадад эх орноо сурталчлах гол ажлыг МОНЦАМЭ л хийж байсан шүү дээ. Орос хэлээр “Новости Монголии”, англи хэлээр “Монгол Мессенжер” сонин, орос, монгол, англи хэлээр “Mongolia” сэтгүүл, хятад сонин гарч байсан. Монголын тухай гадаадад мэдээлэх ажлын гол гүйцэтгэгч МОНЦАМЭ байсан. Энэ утгаараа МОНЦАМЭ Монголын гадаад бодлогод өөрийн хувь нэмрээ оруулсан.
-“Ил товчоо” сонины талаарх бодлоо хуваалцахгүй юу?
Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн л гэж боддог. Монгол Улсын Аюулгүй байдлын зөвлөлийг энэ сонин хоёр удаа хуралдуулсан. Одоо үед ямар нэгэн сонины мөрөөр Аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байна гэж би лав дуулахгүй байна. Бид Монгол Улсын эрх ашгийн төлөө явсан, тэр үүргээ гүйцэтгэсэн. “Ил товчоо” сонин чөлөөт хэвлэлийн анхдагч байхаас гадна арай дөнгүүр нь байсан гэж би бардам хэлнэ.
-Тухайн үед уншигчид танай сонинг хэрхэн хүлээж авсан бэ?
Одоо хүртэл надаас нэхээд байгааг бодоход гайгүй юм байлгүй дээ. /инээв/
-Та Монголд хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байна гэж боддог вэ?
Сэтгүүлчийг дарамталсан тухай мэдээ гарч байна. Тэгж болохгүй. Сэтгүүлчийн эрх чөлөөг боомилно гэдэг хэвлэлийн эрх чөлөө тааруухан байгаагийн шинж. Харин бүхэл бүтэн сонинг хаачихлаа гэж би сонсоогүй байна. Манай улс хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийд нэлээн хойгуур орсон мэдээ харагдаж байна билээ.
Гэхдээ сэтгүүлчдэд хүнийг гүтгэж, доромжлох, хүний заавраар эсвэл мөнгөөр бичих эрх чөлөө байж болохгүй. Эзнийхээ хэлснээр л дуугарч, өөр юм бичдэггүй сонинг би чөлөөт хэвлэл гэхгүй. Чөлөөт хэвлэл улс эх орны ашиг сонирхлыг нэгдүгээрт тавих ёстой. Хоёрдугаарт, санхүү болон нийтлэлийн бодлогын хувьд бүрэн биеэ даасан байх ёстой. Аль ч бизнесмэнийн хараанд байх ёсгүй.
Би одоо орчуулга нэг их хийхгүй байх...
-Хоёулаа яриагаа орчуулгаар үргэлжлүүлье. Орчуулга бол уран бүтээлийн чухал хэлбэр. Та анх Улсын багшийн дээд сургуулийн орос хэлний ангид яагаад орох болсон бэ?
Тэр их санаандгүй явдал болсон юм аа. Би арван жилдээ тоонд муу, зураг зурдаг хүүхэд байлаа. 1961 оны Улс хувьсгалын 40 жилийн ойн уралдаанд би уран зургаар ороод, улсад хоёрдугаар байр эзэлж байсан. Тэгээд багш нар намайг УБДС-ийн шугам зургийн ангид хуваарилчихсан. Ирээд бүртгүүлэх гээд зогсож байхдаа би хүмүүсээс энэ ангид ямар хичээл үздэгийг нь асуулаа. Дээд тоо, зургийн геометр үзнэ гэж байна. “За больё, хагас жилээр хасагдаад нутаг буцах ажил гарах нь” гэж бодсон би шууд орос хэлний ангид бүртгүүлээд л орчихсон хэрэг.
-Та өмнө нь хэлсэн шүү дээ. Орчуулга хийх гээд хорхойсоод яваад байсан гэж. Яагаад?
Миний зөн совин байсан юм уу, ёстой мэдэхгүй. Үнэхээр л орчуулга хиймээр, тэрнийг л оролдмоор байсан. Гуравдугаар ангиас л орчуулгаар өвчилсөн хүн, одоо ч өвчлөөстэй л явж байна.
-Таны орчуулсан номын тоо хэд хүрч байна вэ? Орчуулж байгаа эсвэл орчуулах санаатай байгаа ном байна уу?
30 гаруй ном орчуулсан байна. Би Рашидаддин Фазлуллахын “Шашдирын чуулган”-ы гуравдугаар дэвтрийг орчуулах ёстой юм. Альбер Камюгийн “Тахал” романыг орчуулаад дуусчихсан, хэвлүүлж амжихгүй байна.
-Та орчуулах номоо хэрхэн сонгодог вэ?
Би захиалгаар орчуулга хийдэггүй. Нэгдүгээрт, энэ ном миний орчуулах арга барил, найруулгад таарах нь уу гэдгийг, хоёрдугаарт, үзэл санаа нь ямархуу байна, миний үзэл бодолтой таарч байна уу гэдгийг харгалзан үзэж байж сонгоно. Өөрийн үзэл санаанаас ангид номыг өөрийгөө албадаж орчуулбал олигтой бүтээл болохгүй. Тиймээс өөрийн сонгосон, дурласан, энийг л би уншигчдад жинхэнэ уран сайхных нь түвшинд орчуулаад гар дээр нь тавьж, мэлмийд нь толилуулж чадах юм байна гэсэн номоо орчуулдаг.
Александр Гриний “Аранзал дарвуулт хөлөг”-ийг би гурван жил орчуулсан байх жишээтэй. Сайхан орчуулга болгох л гэж оролдоно уу гэхээс, том том ном орчуулаад гаргаад байя гэж боддоггүй. Харин сүүлийн жилүүдэд монголын ард түмэнд хүргэх ёстой гэж бодсон “Шашдирын чуулган” номын эхний хоёр дэвтрийг орчуулж дуусгалаа. Гурав дахь дэвтрийг орчуулах зав муутай л яваад байгаа. Ирэх өвөл сууж хийнэ дээ.
-Танд орчуулах юмсан гэж бодож явдаг өөр ном байдаг уу?
Одоо надад орчуулах ном олдохоо байчихаж. Энэ болмоор ном байгаа юм даа гээд дэлгүүрээр явахад л нөгөөтөхийг маань орчуулаад тавьчихсан байж байх юм. /инээв/ Би одоо орчуулга нэг их олон хийхгүй байх. Монголын ард түмэнд бичиж үлдээх, оюуны мэлмийг нь нээх гэж өөртөө бодсон, зорьсон юмаа хийх гэхэд миний нас хүрэхээргүй байна. Одоо орчуулж байгаа хоёр номоо л уншигчдын гар дээр тавьчихвал орчуулгаа ер нь болих болов уу даа.
-Таны орчуулах гэж байсан номыг өөр хүн санаанд тань хүрэхээргүй орчуулчихсан байвал их харамсалтай юм аа?
Миний хийх гэж бодсоныг хүмүүс хийчихээд байхаар нь би оюуны хувьд хоцрогдоогүй юм байна л гэж бодоод, өөрийгөө дөвийлгөөд яваа. /инээв/ Миний хийх гэснийг бусад хүн хийх нь хамаагүй, гол нь жинхэнэ уран сайхны түвшинд л орчуулсан байгаасай. Голыг нь олж орчуулаагүй бол тун харамсалтай хэрэг. Тэглээ гээд надад тэрийг хянаж, шалгах зав алга. Өмнөх ажлаа л хийх хэрэгтэй байна.
Монгол хэлээ мэдэхгүйгээр орчуулагч болохгүй
-Та УБДС-ийн 3-р ангиасаа орчуулга хийж эхэлснээс хойш тавь гаруй жил өнгөрчээ. Хамгийн их бахархдаг ажил тань юу вэ?
Гарын арван хурууг хазахад адилхан л өвдөнө шүү дээ. /инээв/
-Орчуулга хийхэд хамгийн хэцүү нь юу байдаг вэ?
Үндэсний онцлогтой үгийг хөрвүүлэх.
Гадаад хэл сурах сонирхолтой залуучуудад өгөх таны зөвлөгөө?
Оролд. Оролдлого сайт оройд нь гэж үг бий. Уйгагүй оролдоод байвал нэг л мэдэхэд оройд нь гарчихсан байна. Оройд нь гардаггүй юм аа гэхэд талаас дээш хавьцаа оччихно.
-Яаж сайн орчуулагч болох вэ?
Оролдлого хамгийн чухал. Монгол хэлээ мэд. Монгол хэлнийхээ найруулга зүйг сайн мэдэх хэрэгтэй. Монгол хэлний найруулах ёс гэж бүхэл бүтэн шинжлэх ухаан байна. Түүнийг л сайн судла. Гадаад хэлээ сайн мэдэх хэрэгтэй гэдэг л юм. Гадаад хэл мэдэхгүй орчуулга хийж байгаа бол тэнэг л хүн шүү дээ. Гадаад хэлээ сайн мэддэг хүмүүс л орчуулдаг байх. Гэхдээ эх хэлнийхээ найруулга зүйг сайн мэдэх хэрэгтэй. Тэгвэл сайн орчуулагч болно.
-Шинээр хэвлэгдэн гарч буй номуудын орчуулга муу байгаа нь юутай холбоотой вэ?
Монгол хэлээ мэдэхгүй байна шүү дээ. Хэлний сургуулиудад гадаад хэлийг нь заахаас биш, монголоор найруулах ухааныг заахгүй байна. Тэр хүүхэд гадаад хэлтэй болоод л гарч ирж байна. Монгол гэдэг ухагдахуунаа хаячихаж. Хоёрдугаарт, бүрэн дунд боловсролын хөтөлбөрт монгол хэлний хичээлийн цагийг хасаж, уран зохиолын хичээлтэй нийлүүлчихсэн. Тэгэхээр хүүхэд яаж уран сайхны сэтгэлгээтэй болох юм? Уран зохиолын орчуулга хийх хүн уран сайхны сэтгэлгээгүйгээр уран сайхан орчуулж чадахгүй шүү дээ. Уран сайхны сэтгэлгээ гэдэг чинь уран зохиол уншиж байж суудаг зүйл юм байгаа биз дээ? Хүнийг сэтгүүлж сургадаг нь уран зохиол. Уран зохиолын хичээлийн цагийг таначихаар хүүхэд яаж эргэцүүлж, тунгааж, дүгнэлт хийж сурах билээ? Дунд сургуульдаа хүүхэд монгол хэл, уран зохиолын хичээлийг түлхүү үзэх хэрэгтэй. Манайхан тоо л гээд байдаг. Тоо хүнийг цэвдэг сэтгэлтэй болгодог. Хүний сэтгэхүйг зөвхөн тоон дотор барьчихдаг ухаан шүү дээ.
-Орчуулгын номыг хэвлэгдэхээс нь өмнө хянаж, шүүдэг байгууллага байх ёстой биз?
Хуучин тийм байгууллага хоёр байсан юм, одоо байхгүй. Нэг нь Хэвлэлийн нэгдсэн редакц гэж байсан. Тэнд бүх орчуулгын зохиолыг редакторлож, ариутгадаг байсан байхгүй юу. Тиймээс утга зүйн алдаа багатай, найруулга сайтай номууд гардаг байлаа. Одоо бол редактор гэж хүний нэр зоогоод л, дуртай хүн нь ном хэвлэчихэж байна. Алдахгүй хүн гэж байхгүй шүү дээ. Бурхан шиг хүн хаана ч байхгүй. Бурхан ч гэсэн алдана шүү дээ. Тэр алдааг засдаг байгууллага хэрэгтэй. Манайд хэвлэлийн газар гэж байхгүй, хэвлэх үйлдвэрүүд л байна. Би нэг ном биччихээд түүнийгээ зарах гээд ийш тийш өөрөө хөөцөлдөж явдаг тогтолцоо манайд байна. Бас миний ном, орчуулгыг хэдхэн төгрөгөөр үнэлж аваад, цааш нь хэд дахин хувилж зардаг тохиолдлууд байна. Энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй юм даа.
Одоо үед бүхнийг унших хэцүү
-Ном гэснээс өнөөгийн залуучуудад ус агаар мэт дутагдаж буй зүйл уншлагын соёл гэдэгтэй та санал нийлэх үү?
Залуучуудыгаа дандаа муу хэлээд юу хийхэв. Надтай харьцдаг, уншдаг залуу олон байна. Намайг зорьж ирээд, миний номын тухай ярьдаг, зөвлөгөө авдаг залуус байна. Тиймээс хавтгайд нь муу хэлж болохгүй байх. Ер нь бол миний үеийн залуучуудын уншдагаас тааруухан байна. Яг үнэндээ, бидний үед сатаарах зүйл нь бага байж дээ. Интернэт, телевизор, гар утас гэж байсангүй, харьцдаг нь ном л байлаа шүү дээ.
-Ном унших нэг хэрэг, юу уншиж байгаа нь өөр хэрэг шүү дээ?
Тийм. “Би яаж баяжих вэ” гэдэг ном уншаад баяжихгүй байх аа. Тийм ном уншаад баяжсан хүн би лав дуулаагүй. /инээв/ Өөрийнхөө уураг тархийг ажиллуулж байж л амжилтад хүрэхээс биш хүн дуурайгаад амжилтад хүрэх эсэхийг мэдэхгүй юм. Харин уншиж санаа авч бололгүй яахав.
-Залууст ямар ном унших талаар зөвлөгөө өгөөч?
Өөрийн сонирхлыг л дагах хэрэгтэй шүү дээ. Сонирхсон номоо л унших нь дээр. Одоо үед бүхнийг уншаад байх хэцүү л дээ. Мэдээллийн хурд, хөгжил маш өндөр түвшинд хүрчихээд байна. Энэ дундаас өөрт хэрэгтэй мэдээллийг олж авах чадвартай, өөрийн сонирхсон зүйлээ л үзэх хэрэгтэй болчихлоо. Миний үед бид олдсон номыг л уншиж байсан. Тэр нь бидэнд муу юм болоогүй ээ. Тал талын мэдлэг олж авахад их тус болсон. 
-Таныг Үндэсний номын сангийн захирлаар ажиллаж байх үед уншлагын соёл хэр байсан бэ?
Намайг очиход номын сангийн уншлагын танхим хоосон шахуу байсан шүү. Намайг гарахад уншлагын танхимын сандал хүрэлцэхээ байж, оюутан залуус надаас сандал гуйж орж ирдэг болсон байсан. Тэгэхээр дэлгүүрийн лангуун дээр бор давснаас өөр юм байхгүй үеэ бодвол арай гайгүй болж ирсэн хэрэг биз? Хүн амьдралаа дагаад ном руугаа явдаг.
-Үндэсний номын сангийн сан хөмрөг нийгмийн оюуны хэрэгцээг хангаж чаддаг гэж үздэг үү?
Хүмүүс очиж уншихаас л хамаарна даа. Хэрвээ очоод уншиж чаддаг бол манай номын санд 14 дүгээр зуунаас хойших монгол мэргэдийн ном бий шүү дээ. Харин одоо мөнгө байхгүй гээд ном авахаа байчихлаа. Ном авдаг төсвийг нь танадаг болж. Уул нь би хөөцөлдөж байж, сумын номын сан жилд 1 сая төгрөгийн ном авдаг болгож байсан юм. Хөдөө ном үнэхээр хүрэхгүй байна. Хөдөөний номын сангаар явахад шинэ ном алга. Ном уншихгүй байхаар хүмүүсийн боловсрол, оюуны чадамж яаж дээшлэх юм бэ? Одоо бас цаасан номыг ад үздэг болж. Компьютерээр уншчих юм гэнэ. Цаасан ном чинь л хэрэг болно шүү дээ.
Монголд энэ тухай хэн ч ярьж, бичээгүй байна
-Та сүүлийн үед хадны зураг судлах болсон?
Хадны зургийг би сүүлийн 10-20 жил судалж байна даа. Нэг зүйл хэлэхэд, хадны сүг зураг гэх нэршлээс бид зайлсхийх хэрэгтэй. Манай өвөг дээдэс бидэнд зураг зурж үлдээхдээ хэзээ ч сүг гэж бодож байгаагүй. Хадны зураг гэж нэршиж заншихын төлөө би нэлээд зүтгэсэн, овоо хэвшиж байх шиг байна.
Би харь гаригийнхны тухай ном англи, монголоор бичээд сар орчмын өмнө хэвлүүлээд байна. “Тэнгэрээс залрагсдын “мөр”-ийг “тэнгэрийн хүүхдийн наадгай”-гаар мөшгөхүй” нэртэй ном. Энэ шинжлэх ухаан дэлхийд маш хурдтай хөгжиж байна. Манайд юу ч байдаггүй. Гэтэл харь гаригаас ирэгсдийн зураг манай хадан дээгүүр байж байна. Судлаач хүний хувьд би энэ судалгааг хийх хэрэгтэй шүү дээ. Монголд энэ тухай хэн ч хэлж, бичээгүй байна.

-Таны шинэ номыг уншаагүй хүмүүст зориулаад товчхон танилцуулахгүй юу?
Монгол нутагт байгаа хадны зургуудаас харь гаригийнхны ул мөр оллоо. Миний дэвшүүлсэн 5 санаа байгаа юм. Нэгдүгээрт, хүн мичнээс үүссэн гэдэг худлаа байна. Хоёрдугаарт, эрдэмтэд 40-өөд мянган жилийн өмнө ухаант хүн Африкаас нүүдэллэж, төв Азид ирсэн гэж үздэг. Энэ худлаа байна. Үүнийг яаж батлах вэ гэхээр Хэнтий аймгийн Норовлин сумын нутгаас эрдэмтэд 350-100 мянган жилийн өмнөх ухаант хүний гавлын яс олсон. Энэ зөвхөн монголын жишээ. Хятадын Бээжин хавиас эрдэмтэд бас ухаант хүний яс олсон. Гуравдугаарт, хүн бүх тивд зэрэг үүссэн байна. Дөрөвдүгээрт, “Монголын нууц товчоо”-д гардаг Алунгоогийн домог үнэн юм байна. Үүнийг квантын шилжилт гэх хуулиар тайлбарлаж болно. Тавдугаарт, манай эрдэмтэд суурь онолыг хөдөлбөргүй гэж үздэг. Үгүй ээ. Суурь онол тухайн үедээ л суурь онол байдаг. Тэр суурь онол хэвээрээ л байвал шинжлэх ухаан хөгжихгүй шүү дээ. Суурь онолыг зад татсан нээлтүүд гарч ирэх ёстой. Хүний сэтгэх бодох чадвар хязгааргүй. Тиймээс монголчуудын сэтгэхүйн царцанги байдлыг арилгах ёстой гэсэн дүгнэлт хийсэн болно.
-Та яг энэ сэдвээр хэдэн жил, хаагуур судалгаа хийсэн бэ?
Сүүлийн 5-6 жилд говиос Өмнөговь, Дорноговь аймгаар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, хангай нутгаас Архангай аймгийн Чулуут, Жаргалант, Өндөр-Улаан сумын нутгуудаар явлаа.
-Судалгааныхаа арга барилын талаар сонирхуулаач?
Монголын бүх хадны зургийг биш юмаа гэхэд 60-70 хувийг нь үзэж байж ном бичнэ шүү дээ. Бас гадаадад энэ тухай юу гэж бичиж байгааг, монголчууд энэ талаар юу бодож байгааг харгалзан үзнэ. Орчин үед судалгааг 3-4 ухааны солбицол дээр хийдэг болсон. Түүхийн, уран зургийн, археологийн, ардын аман зохиол талаас нь судална. Хэрэв харь гаригийнх гэвэл сансар судлалынх нь талаас судалж байгаа юм. Ингэж олон талаас нь судалж, бүгдийг нь харьцуулж байж бүтээл болно.
-Та энэ судалгаанаас гадна өөр ямар судалгаа хийж байна?
Энэ судалгаагаа жаахан үргэлжлүүлнэ ээ. Гэхдээ арай болоогүй. Одоогоор хүннүгийн судалгаа хийж байна. Унгарт хүннүгийн үр сад байна шүү дээ. Тэдний тухай би нэг ном бичсэн, тэр маань унгар хэлээр хэвлэгдэж гарсан. Тэгээд унгарчууд намайг дахиад урьж, “Та дахиад бидний тухай ном гаргаад өгөөч” гэсэн. Тэр хүмүүс бидэнтэй уг гарал нэг гэдгээ мэдээд байхад бид мэдэхгүй юм.
Хятадууд хүннүчүүд Монголтой ямар ч хамаагүй гэдэг. Гэтэл Унгарын нэг эрдэмтэн саяхан Аттила хааны удмынхан төв Азиас гаралтай гэдгийг ДНК-ын түвшинд тогтоочихсон. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг нарсны хүннүгийн булшнаас гарсан язгууртны ДНК-г судлаад үзтэл монгол байсан. Хүннү монголчуудын дээд удам гэдгийг шинжлэх ухааны хувьд ингэж батлахаас өөр яах юм. Аттила хааны удмынхныг судлаад үзэхэд яг манайхантай адилхан, 2000 жилийн өмнөх соёлыг хадгалаад үлдчихсэн байгаа юм. Нүүр царайны хувьд европжиж, монхор хамар, хүнхэр нүдтэй болж л дээ. Харин яс маханд шингэсэн соёл аль ч угсаатнаас арилдаггүй.
-Сайтар судлагдаагүй, залуу судлаачдад санал болгохоор сэдэв юу байна?
Тэрийг би хэлж мэдэхгүй. Би залуу байхдаа нэг багшаасаа “Би ямар сэдвээр эрдмийн зэрэг хамгаалах вэ” гэж асууж байсан юм. Багш маань “Битгий дэмий юм ярьж бай. Өөрийнхөө сонирхсон ажлыг л хийдэг байхгүй юу” гэсэн. Хүнд зүрх сэтгэлийн дуудлага гэж нэг юм бий. Түүнийгээ л онож олох ёстой юм.
-Та монгол судлалын хөгжлийн талаар юу ярих вэ?
Дэлхийд үлдсэн цор ганц нүүдлийн соёл манайд л байна. Бид үүнийгээ л алдахгүй, шинжлэх ухааныг хөгжүүлэх ёстой юм. Тэгвэл монгол судлал дэлхийд гарна. Манайхан монгол судлалаа тоохгүй, Монгол судлалын дээд сургуулиа устгаад, тэнхим болгочихсон. Ерөнхийлөгч дээд сургууль болгох нь зүйтэй юм гэсэн санал хэлснийг хүлээж авч буй хүн алга. Бид монгол хүмүүс, Монгол Улс гэж байх ёстой юм бол монгол судлал гэж байх ёстой. Монгол судлалд тэргүүлэх ач холбогдол өгөх нь зүйтэй.
-Өнгөрсөн оны 8 дугаар сард Монголч эрдэмтдийн их хурал Улаанбаатарт болсон. Тэр хурал дээрх илтгэл, судалгаануудыг харж байхад монгол судлал олон улсад аль түвшинд яваад буй мэт харагдав?
Яг үнэнийг хэлэхэд би төлөөлөгч болоогүй. Нээлттэй хурал учраас өөрийн сонирхсон салбар хуралдаанууддаа очиж суусан. Тэгэхэд биднийхээ хандлагыг дагаад монгол судлал жаахан доошоо бууж байгаа юм байгаа даа гэсэн бодол төрсөн. Би ямар бүх хуралдаанд суусан биш, гэхдээ зарим илтгэл, судалгаа миний санаанд хүрээгүй. Оросын нэг эрдэмтэн “Монгол судлал гэж байхгүй болж байгаа юм байна шүү дээ” гэж надад хэлсэн тал бий. Гэхдээ цаашид хөгжих байлгүй дээ. Бид чинь өөрсдийгөө судлуулахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарах шаардлагатай шүү дээ. Одоо судалж эхэлж байгаа залуучуудыг нааш нь татах, монгол судлал руу оруулах хөшүүрэг хэрэгтэй. Одоо бүгд л эдийн засаг гэх болж. Тэр нь хөгжиж байгаа ч зүйл алга. Эдийн засаг сайжирлаа л гээд байна. Хүн арддаа тэр нь мэдрэгдэж байж сайжирна биз дээ. Гэтэл соёл, эдийн засаг хоёр бол нэг зоосны хоёр тал. Аль алийг нь нөхөж байж, аливаа улс хөгждөг. Эрдэмтэд нь жинтэй үгээ хэлдэг, төр засаг нь сонсдог, түүнийгээ ажил хэрэг болгодог байх хэрэгтэй гэж боддог доо. Аль аль талдаа улс орныхоо хөгжилд алсын хараатай, буурьтай хандмаар байна.
Ярилцах цаг гаргасанд баярлалаа.
Х.Аминаа
Холбоотой мэдээ