Ерөнхий сайд дуучин Г.Ариунбаатар, бүжигчин О.Анужин нарт мөнгөн шагнал гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-23 15:41:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, бүжигчин О.Анужин нарыг хүлээн авч уулзан баяр хүргэв.
Г.Ариунбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “BBC Cardiff singer of the world 2017” уралдаанд тэргүүн байр эзлээд эх орондоо ирээд байгаа юм.
Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, УГЗ зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дуугаар энэ том уралдаанаас тэргүүн байрын шагнал  хүртсэн нь монголын уран бүтээл дэлхийн энтэй зэрэгцсэнийг бататган харуулж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
УДБЭТ-ын гоцлол бүжигчин, СТА О.Анужинд Шанхайн олон улсын балетын наадмын хүрэл медалийн эзэн болсонд мөн баяр хүргэж амжилт хүслээ.О.Анужингийн амжилт одоогоос 35 жилийн өмнө ардын жүжигчин, зууны манлай бүжигчин Э.Оюуны Японд болсон олон улсын тэмцээний хүрэл медаль авчирсан амжилттай дүйж буйг салбарынхан уулзалтын үеэр танилцуулав.
Монгол орноо дэлхийд таниулах бодлогыг соёл урлаг, спортоор дамжуулан хийх нь илүү үр дүнтэй. Иймд Засгийн газар урлаг, спортод амжилт гаргасан залуучуудаа дэмжиж хамтарч ажиллана. “Монголын тал нутаг дуу” маань дэлхийн том тайзнаа дуулагдсан нь монгол хүн бүтээлээрээ дэлхийд өрсөлдсөн анхны тохиолдол боллоо. Монгол урлаг, соёлоор дамжиж монгол бүтээгдэхүүн, монгол брэнд дэлхийд гарах учиртай гэж Ерөнхий сайд хэлээд Засгийн газраас эдгээр уран бүтээлчдэд олгосон мөнгөн шагналыг гардууллаа.
“Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар танд баяр хүргэж, Монголын үндэсний соёл, Монгол Улсын нэр хүндийг олон улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тань өндрөөр үнэлж, 80 сая төгрөгийн мөнгөн шагнал олгов” хэмээсэн батламжийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түүнд гардууллаа.
Мөн соёлын тэргүүний ажилтан, балетчин О.Анужинд 30 сая төгрөгийн мөнгөн шагнал олгосныг гэрчлэх батламжийг гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ