Орхон аймагт сонгогчдын 62.41 хувь нь саналаа өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-26 22:47:01
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 22 цагт дууслаа. Аймгийн Сонгуулийн хорооноос санал хураалт дууссаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тодруулбал, Баян-Өндөр суманд 64 мянга 260 иргэн санал өгөх ёстойгоос 37 мянга 845 хүн саналаа өгчээ. Жаргалант суманд 2616 иргэн саналаа өгөхөөс 1716 нь сонгуульдаа оролцсон байна. Нийт дүнгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 7 дахь удаагийн сонгуулийн ирц Орхон аймагт 62.41 хувьтай байжээ. 
Сонгогчдын ирц хамгийн бага байсан санал авах байр нь Эрдэнэ багийн буюу МУИС-ийн Орхон сургуулийн хэсгийн хороо 48.1 хувь, хамгийн их сонгогч саналаа өгсөн нь Говил багийн 2-р сургуульд байрласан хэсгийн хороонд сонгогчдын ирц 68.62 хувьтай байжээ. 
Холбогдох хуулийн дагуу аймгийн хэмжээнд ажилласан нийт санал авах байрны 50 хувьд хяналтын тооллого хийх ёстой. Тиймээс аймгийн Сонгуулийн хорооноос намуудын ажиглагчдыг байлцуулж хяналтын тооллого хийх хэсгийн хороодыг сугалаагаар тодрууллаа. Хяналтын тооллогыг нийт 21 хэсгийн хэсгийн хороонд хийнэ. Үүний 20 нь Баян-Өндөр суманд, нэг нь Жаргалант суманд байрлах хэсгийн хороо юм. 
 
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ