Зуунмод хот Баянхошуу багтай хатуу хучилттай замаар холбогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-29 09:49:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын Баруун зуунмод багийн 3.5 км, Баянхошуу багийн 2.5 км хучилттай авто зам барьж хөдөлгөөний хэсгээ нээсэн талаар ЗТХЯ-наас мэдээлэв.

Тус замын ажил 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн боловч эдийн засгийн хүндрэлээс үүдэн түр зогсоод байсан юм. Хөрөнгийг нь шийдэлгүй удсаны улмаас  өмнө хийсэн замын хэсгүүд эвдэрч, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний аюулгүй байдалд  сөргөөр нөлөөлж байсан тул өргөтгөн шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн байна. Уг замыг “Төв Азза” компани 4.8 тэрбумын төгрөгөөр дахин шинэчилсэн байна. Шинэчлэлийн ажилд туслан гүйцэтгэгчээр “Ялгуусан” компани ажиллажээ.

Ингэснээр Баруун зуунмод, Баянхошуу багийн иргэд аймгийн төвтэйгээ хатуу хучилттай авто замаар холбогдож, шатахуун болон цаг хугацаагаа хэмнэх зэргээр олон давуу тал бий болж байгааг нутгийн иргэд онцолж байлаа.

Түүнчлэн “Ялгуусан” компанийн ажилчид өнгөрсөн долоо хоногт замын ажил хийж байх үедээ гал түймрийн аюулд өртсөн айлаас хүний амь аварчээ. Замын нээлтийн үеэр ОБЕГ-аас тус компанийн ажилтнуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан байна.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ