“Спорт цогцолбор”-ын барилгын гүйцэтгэл 60 хувьтай царцаагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 15:38:24

2011 оны долдугаар сарын зургаанд буюу Дархан хотын 50 жилийн ойн босгон дээр Дархан-Уул аймгийн шинэ “Спорт цогцолбор”-ын барилгын улаан шугамыг татаж дараа нь шавыг нь тавьж байсан. Гүйцэтгэгч “НЭМБАР” барилгын компани тендерт шалгарч нийт 11 тэрбум 600 сая төгрөгөөр барилгын ажил гүйцэтгэхээр тухайн үед гэрээ байгуулжээ.

Харин хэлэх нэг өөр, хийх бүүр өөр гэдгийг “НЭМБАР” барилгын компани харуулав. Учир нь 2012 оны 12 дугаар сард хүлээлгэн өгөх байсан спорт цогцолборын төсөвт өртөг улсын төсөвт 21.4 тэрбум болж 1.9 дахин нэмэгдэж тусгагдсан. Өдгөө дөрвөн жилийн нүүрийг үзэж буй тус спорт цогцолборын ажлын явцтай аймгийн Засаг дарга А.Энхболд очиж танилцав. Энэ үеэр гүйцэтгэгч компанийн удирдах албан тушаалтнууд нийслэл хотод ажилтай гээд хариуцах эзэн байсангүй. Аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн Б.Очиржавын хэлснээр барилгын гүйцэтгэл 60 хувьтай гэсэн мэдээллийг өгөв. Тус албанаас барилгын ажилд хяналт тавьж ажиллаж байгаа гэлээ. Дарханы хүүхэд, залуучууд томоохон спорт цогцолбортой болох нь хэмээн баярлаж байсан ч дахиад нэг спорт цогцолбор барих мөнгө нэмж байж ашиглалтад орох бололтой. Уг цогцолборын их заал нь 2200 хүний суудалтай бөгөөд 250 хүнийг хүлээн авах багтаамж бүхий ресторан, 60 хүний суудалтай кафе бүхий есөн давхар барилга баригдах юм байна. Мөн 150 хүний ортой зочид буудал, туслах заал, усан бассейн, хурлын заал бүхий таван хэсэгтэй байхаар төлөвлөгдсөн барилга аж.

           Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ