“Цэвэр сайхан орчин” аяны манлайлагсдыг 300-500 мянган төгрөгөөр шагнана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-30 18:21:13
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд цэвэр, аюулгүй, тохилог, эко орчинд амьдрах нөхцөлийг иргэддээ бүрдүүлж өгөх үүднээс зарласан “Цэвэр сайхан орчин” уралдааны шалгаруулалт тун дөхөж байна. Энэхүү болзолт уралдааныг аян болгон зарлаж байгаа бөгөөд “Шилдэг тохижилттой өрх”, “Шилдэг тохижилттой аж ахуйн нэгж”, “Шилдэг тохижилттой гудамж, хэсэг”, “Шилдэг тохижилттой баг”, “Шилдэг тохижилттой байгууламж” гэсэн таван шалгуур үзүүлэлтээр дүгнэх ажээ.
“Шилдэг тохижилттой өрх”-ийн шалгуур үзүүлэлтэд хашаа байшингаа засаж сэлбэн будаж шохойдсон байх, гудамж, орчны цэвэрлэгээ хог хаягдал зайлуулалтаараа үлгэрлэх хэмжээнд хүрсэн байх, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тохилог бие засах газартай байхыг шаардаж байгаа аж. Түүнчлэн хашаандаа бусдыг үлгэрлэх ногоон байгууламжтай байхаас гадна орчны тохижилт цэвэрлэгээнд идэвх оролцсон байдал, амьдрах орчноо сайжруулах талаар сүүлийн үеийн техник технологи нэвтрүүлсэн эсэхийг харах гэнэ.
Уралдааны “Шилдэг тохижилттой аж ахуйн нэгж”-ийн хувьд тохижилтын ажлын төлөвлөгөөтэй, байгууллагын гадна өнгө үзэмж болоод орчны болон хуваарьт хууль тогтоомжоор заагдсан газар, гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэж тохижуулсан, орчиндоо ногоон байгууламж нэмэгдүүлсэн, хаяг гадна гэрэлтүүлэг, ажил үйлчилгээтэй холбоотой зар мэдээ рекламыг шинэчилж сайжруулсан эсэх, үйлчлүүлэгчид, иргэдэд ажил үйлчилгээг тав тухтай хүргэх боломж бүрдүүлсэн байдал, орчны тохижилт цэвэрлэгээнд оролцсон хамт олны идэвхи оролцоог харж дүгнэх ажээ.
“Шилдэг тохижилттой баг”-ийн хувьд багийн ажлын зохион байгуулалт, иргэдээ хамруулсан байдал, гудамжны шалгуур үзүүлэлтийг хангасан байдал, багийнхаа гадна болон дотор орчинг тохижуулж цэцэрлэгжүүлэх, зүлэгжүүлж ногоон байгууламжыг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай үйлчилгээг үзүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байх, өөрийн багийн онцлогийг харуулсан бүтээлч ажлыг иргэдийн оролцоотой санаачилж хийсэн, багийн нутаг дэвсгэрт үүсч бий болсон гуу жалга, нүх овгор шороо, үерийн далан зэргийг иргэдийн оролцоотойгоор засч дарж булах, шаардлагатай бол дахин хөрсжүүлэх нөхөн сэргээх ажлуудыг үр дүнтэй зохион байгуулсан зэрэг шаардлагыг хангасан байх ёстой аж.
“Шилдэг ногоон байгууламж, зүлэгжүүлэлт” хийсэн иргэн төрийн бус байгууллагын тухайд нийтийн эзэмшлийн зам талбайд мод, бут, сөөг, жимс жимсгэн тарих, зүлэгжүүлэх, зүлэгжүүлсэн талбайн хэмжээ, зориулалтын зүлэг тарьсан,  усалгаа арчилгаа хийсэн зэргээр шалгаруулж дүгнэх гэнэ.
Дээрх шалгуур үзүүлэлтийг хангаж, тэргүүлсэн өрх, байгууллага, аж ахуйн нэгж, багуудад 300-500 мянган төгрөгийн мөнгөн ургамшуулал олгох ажээ. Уралдааны эцсийн шалгаруулалтыг ирэх сарын 5-нд зохион явуулах юм байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ