Эрчим хүчний хэмнэлттэй 16 цамхагт гэрэл босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-03 17:56:59
Хэнтий /МОНЦАМЭ/ Цахилгаан бага зарцуулдаг, тусгал сайтай, 1.2 кВт-ын хүчин чадалтай 16 ширхэг цамхагт лед гэрлийг “Алсын солонго” ХХК суурилуулан, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хот тохижуулах газарт хүлээлгэж өгөв.

Уг цамхагт гэрэл нь 14 метрийн өндөр, нэг цамхаг 8 гэрэлтэй бөгөөд нэг гэрэл 150 ваттын хүчин чадалтай, эргэн тойрныг 500 метрийн зайд гэрэлтүүлж, урагшаа, хойшоо 4 эгнээ гудамжинд тусдаг юм байна. БНХАУ-ын хамгийн сүүлийн үеийн гэрэлтүүлгийг суурилуулсан энэ компани 3 жилийн баталгаа өгч байгаа аж.

Эдгээр цамхагт гэрлийг Хэнтий аймгийн төв Чингис хотын алслагдсан багууд болох САА-н Муурын байшин, Малчдын хороо, Хийдийн суурин, Хангамж зэрэг харанхуй орчин ихтэй захын хорооллуудад тавьжээ. Гэрлийг суурилуулах газрыг Хэрлэн сумын ЗДТГ-аас сонгож, ЦТСС-ын ажилтнуудтай хамтран эрчим хүчний хүчин чадлыг шалгасны дагуу байрлуулсан байна. Тус компанийн 9 ажилтан 2 сар гаруйн хугацаанд энэхүү ажлыг хийж гүйцэтгэжээ. Улирлын онцлогт тохируулан автоматаар цагийн хуваарийг өөрчлөх боломжтой энэхүү гэрлүүд одоо 21.00-04.00 цагийн хооронд ажиллаж байгаа юм.

Мөн тус компани Нэгдсэн эмнэлгийн 4 замын уулзварт Гэрлэн дохио, 8 дугаар цэцэрлэгийн уулзварт явган хүний гарц хийжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай байгаа гэрлэн дохио, явган хүний гарцын тэмдэглэгээ, хурд сааруулагч зэргийг хийх талаар Хэрлэн сумын иргэдээс удаа дараа санал хүсэлт ирсний дагуу Хэрлэн сумын ЗДТГ-аас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийлгэхээр тендер зарласан байна. Уг тендерийн ажил нь 17 сая төгрөгийн төсөвтэй бөгөөд тус компанийн ажилтнууд сар гаруйн хугацаанд гүйцэтгэн энэ сарын 2-нд хүлээлгэн өгөв.  

“Алсын солонго” ХХК-ийн ажилсаг хамт олон яг одоо нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн дээврийн ажил, Хэрлэн 4 дүгээр сургуулийн урд 2 ширхэг хурд сааруулагчийг тавихаар тус тус ажиллаж байна.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ