БНХАУ-ын дарга Си Жинпин ОХУ-д айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2017-07-04 12:56:30
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаа БНХАУ-ын дарга Си Жинпин тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Өчигдөр буюу 7 дугаар сарын 3-ны өдөр Москва хотын Внуково Олон улсын нисэх онгоцны буудалд газардсан БНХАУ-ын даргыг ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд И.Моргулов болон БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Ли Хуэй нар тосон авч хүндэтгэл үзүүлэв.
Мөн өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жинпин болон түүний гэргий Пэн Лиюань нартай Кремлийн ордонд үдийн зоог барьсан юм.
Хоёр хоног үргэлжлэх тус айлчлалын хүрээнд ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааны томоохон гэрээ хэлэлцээрүүд хийхээр төлөвлөөд байгаа аж. "Энэ сарын 4-ний өдөр хоёр орны төрийн тэргүүн 10 тэрбум ам.долларын үнэ бүхий 40 гэрээнд гарын үсэг зурна” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Ю.Ушаков мэдэгджээ. Дашрамд дурдахад БНХАУ-ын дарга Си Жинпин ОХУ-д зургаа дахь удаагаа айлчилж буй нь энэ бөгөөд хоёр орны ерөнхийлөгчийн дараагийн уулзах цэг нь 7 дугаар сарын 6-нд  ХБНГУ-ын Гамбург хотноо болох “Их 20”-ийн уулзалт байх юм.
Москва хот
Л.Нандинцэцэг
Холбоотой мэдээ