Төрийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдэд зориулсан номын сан нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-04 14:08:19
Хэнтий /МОНЦАМЭ/ Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “УНШ” гэсэн номын тавиур бүхий номын сангийн нээлт 6 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Уг номын санг төрийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдэд зориулан нээсэн юм.

Иргэд төрийн байгууллагаас үйлчилгээ авахаар хүлээх үедээ уг номын санд буй түүх, соёл, уран зохиол, яруу найраг, бусад сум, аймгийн түүх, үйл ажиллагаатай холбоотой ном зохиолуудыг уншиж, шатар тоглох боломжийг тус ИТХ-ын хамт олон бүрдүүлсэн байна. Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Ломбын Нямаа, Данзангийн Нямаа, Хэл бичгийн ухааны доктор Д.Ганболд, МЗЭ-ийн Хэнтий аймаг дахь “Хэрлэн тооно” салбар зөвлөлийн тэргүүн, яруу найрагч Д.Гансүрэн, Залуу зохиолчдын нэгдлийн тэргүүн, яруу найрагч Н.Минжинсайхан,  Нийтийн номын сангийн хамт олон зэрэг байгууллага, уран бүтээлчид өөрсдийн бүтээлийн дээжээ тус номын санд хандивлалаа.

Энэ үеэр Хэнтий аймгийн ИТХ-аас Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын өвийг хамгаалах Өд сангаас гаргасан “Р.Чойном” зохиол бүтээлийн 13 боть номын дээжийг худалдан авч, “УНШ” тавиуртаа байрлуулав. Уг 13 боть шүлэг, найраглал, шүлэглэсэн тууж, өгүүллэг, роман, орчуулгын бүтээл, захидал, дурсамж, хууч яриа, сурвалжлага, ярилцлага зэргээс бүрдэж байгаа юм.
Д.Одонтунгалаг
 
 
Холбоотой мэдээ