Автомат машин ажиллахгүй байгаагаас санал хураалтыг гар ажиллагаанд оруулаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-07 07:21:41
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймагт  санал авах 84 хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь санал хураалт албан ёсоор эхэлсэн боловч саналын хуудасны баар кодыг санал тоолхо төхөөрөмж танихгүй байснаас санал авах үйл явцыг гар ажиллагаанд шилжүүлээд байна.
Аймгийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 61 мянган 222 иргэн санал өгөх бөгөөд аймгийн хэмжээнд санал авах 84 хэсэг ажиллаж байна. Санал тоолох төхөөрөмжид доголдол үүссэн шалтгаан нь Сүхбаатар аймгийн баар кодтой хуудас явуулсантай холбоотой гэнэ. Энэ тухай Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдсэний дагуу гар тооллогод шилжүүлээд байна гэж Төв аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.Сарангэрэл хэллээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, "Сонгуулийн ерөнхий хороо болон аймгийн Сонгуулийн хорооны мэдээлэл технологийн хамтарсан мэргэжлийн 12 баг Төв аймгийн 84 хэсгийн хороодод ажиллаж байна. Доголдол гарсан санал тоолох төхөөрөмжүүдийг эхнээс нь хэвийн ажиллагаанд оруулж байна" гэв.

Түүнчлэн өнгөрсөн сард явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулиар саналаа өгсөн иргэдэд сонгууль өгснийг баталгаажуулах “цагаан хуудас”-ыг олгож байсан бол энэ удаад цагаан хуудсыг олгохгүй байхаар шийдвэрлэсэн гэнэ. Үүнийг зарим иргэд “сонгууль өгсөн яаж баталгаажуулах юм бэ? Иргэний үүргээ биелүүлсэн гэж гэж сошиалд уриалах боломжгүй байна” хэмээн шүүмжилж байсан юм.

Мөн өнгөрсөн сард явагдсан сонгуулиар сонгогчдод хавтас өгч саналын хуудсаа хавтаст хийж нууцалдаг байсан бол энэ удаад энэ хавтсыг ашиглаагүй гэдгийг албаныхан хэлж байна.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ