Хуурын аялгуутай Монгол наадмын өнгө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол наадмын өнгийг Сэлэнгийн наадам өнгөлдөг нь зүгээр ч нэг тохиолдол бишээ. Ардын хувьсгалын ялалтын баярын уухай, монгол түмний минь үндэсний их баяр наадмын уухайн түрлэгээр түрэгдэж, эх сайхан оронд минь амар амгалан амьдрал ирж, зон олон сэтгэл тэнэгэр, хөх тэнгэрийнхээ дор Үндэсний их баяр наадмаа ийнхүү тэмдэглэдэг болсон түүхийн хуудсыг Сэлэнгэ нутаг гэрчлэн үлджээ. Алтанбулаг сумын Хувьсгалчдын наадмаар Монгол наадам эхэлдэг уламжлалтай. Иймээс ч Сэлэнгийн наадам Монгол наадмыг өнгөлөн эхэлдэг нь ёсон буй.
Сэлэнгийн зун Монгол наадмын өнгө хослон гэрэлтэх нь жавхаатай. Дэлхийд ганцхан байдаг эрийн гурван наадамтай, дөрвөн өнгөөр жилийн төрхөө тодотгосон дээлтэй түмний минь дэлхийд гайхуулсан үндэсний их баяр Ардын хувьсгалын 96, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 86 жилийн ой хоёрхон чавхдаст хуураа уянгалуулсаар маргааш эхэлнэ.
Энэ өдөр наадамчин олон хэний хүү одтой бяртай, хэний хүлэг хурдан шандастай, хэний тавьсан сум цэц мэргэн байхыг харахаар наадмын талбайдаа хуран чуулна аа.
Энэ дүр зургийн өмнөх өдрүүдэд хүчит бөхчүүд галдаа гарч бэлтгэл сургуулилтаа базаан, уяачид морьдынхоо тамир тэнхээг дэмжин тааруулахаар уяа сойлгоо хийж, унаач хүүхдүүд биеэ бэлтгэн морьдтойгоо дасалцаж, мэргэн харваачид нум сумаа хагсан гарын бяд, харааны чадавхиа шалган бэлтгэл сургуулилтаа хангадаг.
Сэлэнгийн зун Монгол наадмын өнгө хослон гэрэлтэх нь жавхаатай. Дэлхийд ганцхан байдаг эрийн гурван наадамтай, дөрвөн өнгөөр жилийн төрхөө тодотгосон дээлтэй түмний минь дэлхийд гайхуулсан үндэсний их баяр Ардын хувьсгалын 96, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 86 жилийн ой хоёрхон чавхдаст хуураа уянгалуулсаар маргааш эхэлнэ.
Энэ өдөр наадамчин олон хэний хүү одтой бяртай, хэний хүлэг хурдан шандастай, хэний тавьсан сум цэц мэргэн байхыг харахаар наадмын талбайдаа хуран чуулна аа.
Энэ дүр зургийн өмнөх өдрүүдэд хүчит бөхчүүд галдаа гарч бэлтгэл сургуулилтаа базаан, уяачид морьдынхоо тамир тэнхээг дэмжин тааруулахаар уяа сойлгоо хийж, унаач хүүхдүүд биеэ бэлтгэн морьдтойгоо дасалцаж, мэргэн харваачид нум сумаа хагсан гарын бяд, харааны чадавхиа шалган бэлтгэл сургуулилтаа хангадаг.
Торгон ногоон дэвжээгээ хотолзуулан дэвэх бөхчүүдийн маань эр бяр тэгширчээ

Сэлэнгийн бөхчүүд хоёр гал болон бэлтгэлээ базаалаа. Аварга Г.Эрхэмбаяраар ахлуулсан гал “Төр хурах” амралтын газар, харцага Т.Өсөх-Ирээдүйгээр ахлуулсан гал “Увс нуур” бөхийн дэвжээнээ бэлтгэлээ чамбайруулж зүлэг ногоон дэвжээнээ хүч үзэн барилдахад бэлэн болжээ.
Нарийн өвс ургадаг, малын сайхан бэлчээртэй “Буур хээр”-ийн талдаа хурдан буянууд үүрсэж байна

“Буур хээр”-ийн тал нарийн өвс ургадаг, малын сайхан бэлчээртэй, урдуураа гол ус, намагтай учраас морь уяхад ихээхэн тохиромжтой газар ажээ. Энд Сүхбаатар сумын уяач Т.Мөнхбадрах туслах уяачдынхаа хамтаар буудаллан ирж, аймгийнхаа наадам, сумынхаа ойд хурдан буянуудаа уралдуулахаар уяа сойлгыг нь тохируулж, сунгаа юугий нь тааруулж байлаа. Эдний уяанд хурдны удам сайтай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Сэлэнгэ аймгийн нутгийн морьдууд байгаа гэнэ. Сүхбаатар сумын уяач Н.Содбаяр, Б.Лхагвасүрэн, У.Отгонбаяр, Б.Батзориг, н.Баттулга, О.Буянтогтох нарын уяачид Т.Мөнхбадрах уяачийн заавар зөвлөгөөг даган нэгэн гал болж шилмэл хурдан хүлгүүдээ бэлтгэн байна. Тус галынхан хамгийн эхний наадам болох Шаамар суманд шандаст хүлгүүдээ уралдуулж, гурван айраг авсан амжилтай сууж байлаа.
Уяач Т.Мөнхбадрах Сүхбаатар аймгийн уугуул, Сэлэнгэ аймгийн суугуул, морь уях эрдмийг нутаг орондоо алдарт шаргын эзэн ааваасаа өвөлсөн нэгэн. Эдний уяан дээр 6 насны 16-17 морьд сойлгоо тааруулан байна. Түүний шарга халзан азарга аймгийн наадамд ноднин жил айрагдаж, өвөл Хараагийн бүсийн уралдаанд гурваар давхисан гэнэ. Мөн соёолон азарга нь энэ жил Шаамарын наадамд дөрвөөр хурдалсан амжилттайгаар аймгийн наадмаа угтаж байгаа ажээ. Машин тэрэг, хүн, амьтны шуугиан морь амархад нөлөөлдөг учраас төв суурин газар хурдан морь уяхад тохиромжгүй хэмээн галын анхлагч, уяач Т.Мөнхбадрах хэллээ. Уяач хүний хөдөлмөр маш нарийн мэдрэмж шаардсан байдаг байна. Өдөр шөнийн аль ч нөхцөлд морьдынхоо хоолыг нь зөв тохируулахгүй бол амжилт гарахгүй гэлээ. Наадам дөхөх бүр илүү хариуцлагатай байх бөгөөд дэргэд нь байнга байж, холдож болохгүй байх учиртай аж. Мөн унаач хүүхэдтэйгээ харьцах, морь, хүүхэд хоёроо хооронд нь дасгах, морио мэдэрч ойлгох. Түүнчлэн хол ойрын замд хэрхэн хурдлах байдлыг нь ажиглан төлөвлөгөө боловсруулах, морьдынхоо хүч тамир орох сар, өдрийг ажиглаж мэдэх, холоос ирсэн морьдоо нутаг усандаа дасгах гээд уяачийн эрдэм их ажгуу. Морь гэдэг амьтан чинь их ухаантай. Яг хүн шиг ирсэн жилдээ нутаг орноо санана. Бас дасах гэж юм юм л болно шүү дээ хэмээн уяач маань хөөрөлдлөө. Энэ галын унаач хүүхдүүд аль хэдүйн морьдоо дасган уралдаандаа бэлэн болсон байна. Энд 7-9 насны гурван хүүхэд, шинээр сурч байгаа хоёр хүүхэд байв. 9 настай Б.Батцагаан хүү нэлээд туршлагатай дөрвөн жил морь унаж байгаа бөгөөд аймаг, бүс, сумын наадмаас айраг, түрүү авсан гэнэ.
Уяач хүний хамгийн сэтгэл догдлуулсан мөч бол уясан морио түрүүлээд ирэхийг харж, самсаагаа шархилуулан зогсоход байдаг хэмээн тэрээр ярьж суулаа. Т.Мөнхбадрахын хоёр хүү хоёулаа хурдан морины унаач хүүхдүүд. 7 настай М.Батсэлэнгэ, 9 настай М.Батцагаан нар айраг, түрүүнд олон удаа морио хурдлуулсан туршлагатай аж.

Мандал сумын уяач У.Отгонбаяр их нас, соёолон гэсэн хоёр насны морь уяж байлаа. Бас Шаамарын наадамд их насны морь нь 5-аар, соёолон морь нь дундуур давхисан байна. Отгонбаяр 15 настайгаасаа унаачаасаа хасагдаад л морь уяж эхэлсэн бас ч хүү туршлага сууж яваа уяач байлаа. 2007 онд анхны уясан морь нь айрагдаад түүнд ихээхэн урам өгчээ. Түүнээс хойш ах нараа дагаад морь уяад явж байгаа гэнэ. Түүний морьд Сүхбаатар аймгийн угшилтай аж. Сайн азарганы сайн үр төл, орон нутгийнхаа адуунуудтай цус сэлбэж морьдоо сайжруулдаг байна. Сүхбаатар аймгийн адууны онцлог бол тал газрын адуу учраас хурд хүч, тамир тэнхээ авахдаа илүү сайн байдаг ажээ. Отгонбаярын соёолон үрээ өнгөрсөн жилийн аймгийн наадмаар түрүүлж, азарга, соёлонгууд нь олон ч аймаг, сумдын наадамд олон айраг, түрүү авчээ. Түүний хүү энэ жил 13 нас хүрч байгаа учраас энэ наадмаар хурдан морь унаад л хасагдах юм байна. Тэгээд аавыгаа дагаад уяач болж, уяачдын эгнээнд шилжиж байгаа гэлээ.
Саяханаас бороо орж ган тайлагдлаа. Иймээс морьд урт уягдаж, морьдын хүч жаахан нимгэрч байна. Гэхдээ гайгүй байхаа хэмээн уяач залуу өгүүллээ. Сэлэнгийн уяачид Сүхбаатар сумын 8-р багийн нутаг буюу гахайн байрны хавьд, “Буур хээр”-ийн талд, “Бор гүвээнд”, “Буур”-ын гол, “Охиндий”, “Хонгор морьт”-ын ам зэрэг газруудад 8 гал болон 50 шахам уяачид 6-р сарын 10-даас эхлэн сарын турш морьдоо бэлтгэжээ. Жил жилийн наадамд 17 сумаас хүрэлцэн ирсэн 450 шахам шандаст хүлгүүд ийнхүү аймгийнхаа баяр наадамд хурд хүчээ сорин уралддаг байна.
Сурын өлгий Сэлэнгэ нутгийн харваачдын бэлтгэл дүүрэн байна

Б.Бумцэнд, М.Цэдэв, Д.Ханд гээд ахмад үеийн мундаг харваачдын удам Сэлэнгийн харваачид наадамдаа бэлтгэж байна. Сэлэнгэ аймаг улсын мэргэн, спортын мастер цолтон олонтой. Сэлэнгээс улсын баяр наадамд түрүүлсэн, айрагдсан олон харваачид байдаг. Тухайлбал ахмад харваач Улсын мэргэн Ж.Сүхбаатар, Ж.Уушаан мэргэн, У.Гүнбадрал мэргэн гээд. Мөн Зүүнхараа, Сүхбаатар, Цагааннуур, Хушаат, Зүүнбүрэнд залуу мастерууд олон байдаг аж. Бид Сэлэнгийн урианхай сурын холбооны тэргүүн, баяр наадмын сурын салбар комиссыг ахлагч О.Буянтогтох харваачийн сурын бэлтгэл хийж буй галаар зочиллоо. Харваачид “Буур хээр”-ийн талд мөн л бэлтгэлдээ гарсан байв. Тэнд өсвөрийн 12-15 насны 4-5 харваачид бэлтгэлд гарчээ. Энэ хүүхдүүд жил бүр бэлтгэлд гардаг ч энэ жил бага зэрэг оройтлоо, гэхдээ болно оо хэмээн О.Буянтогтох гуай өгүүлсэн юм. Сэлэнгэ аймгийн баяр наадмаар үндэсний, урианхай, буриад гэсэн 3 харваа гурвуулаа явагдах бөгөөд баяр наадмын харваа энэ сарын 9-нд урианхай сурын харваагаар эхлэх гэнэ. Тэгээд 10, 11-ндээ халх сурын харваа, шалгарсан хүмүүсийн шигшээ харваагаар үргэлжлэн явагдах ажээ. Энэ жилийн тухайд улсын баяр наадам зарим аймгуудын баяр наадам давхцаж байгаа учраас гадна дотноос олон харваач ирэхгүй болов уу гэсэн таамагтай байгаа аж. Ер нь жилийн жилд Сэлэнгэ аймгийн наадамд цэц мэргээ үзэхээр улсын мэргэчүүд, алдар цолтнууд их ирдэг байна. Манай сэлэнгэ аймаг өөрөө олон харваачидтай бөгөөд сумдын хараачид бүгд цуглаад харвах юм бол 200 гаруй харваачид байдаг байна. Одоогоор харваачид өөр өөрийн отог дээрээ бэлтгэлээ базааж байгаа ажээ.
Эргэмэг хурдан хүлгүүд уяанд дээр үүрсч, Монголын талд гийнгоо хангинаж, эр бяр нь тэгширсэн хүчит бөхчүүд зодгондоо чангарч, эрхий мэргэчүүл цэц мэргээ сорьсон монгол наадмын өнгө Сэлэнгэ нутгаас тодрон айсуй.
Ч.Отгонцэцэг