2020 он гэхэд хоёр улсын эдийн засгийн бараа эргэлт 10 тэрбум ам.долларт хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-03 13:43:40

Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод өнгөрсөн 10 дугаар сард зохион байгуулсан Монгол-Хятадын анхдугаар экспо үзэсгэлэн худалдааны үр дүнг танилцууллаа гэж Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Тэрбээр, “Монгол-Хятадын эдийн засгийн харилцаа чухал ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой. Хоёр орны стратеги төлөвлөгөөнд 2020 он гэхэд эдийн засгийн бараа эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байгаа. Энэ нөхцөлд 2014 онд Монгол Улсад БНХАУ-ын дарга айлчилсан. Энэ үеэр хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг сайжруулах санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан экспо зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэхүү санамж бичгийн хүрээнд тус экспо амжилттай болж өндөрлөсөн байна.

Экспод манай талаас олон талын төлөөлөл оролцсон. Хятадын талаас ч маш өндөр ач холбогдол өгч зохион байгуулсан байна. Энэ үеэр уул уурхай, эрчим хүч болон бусад салбартай холбоотой 100 гаруй хэлэлцээрт гарын үсэг зурсан нь эдийн засгийн эргэлтэд чухал ач холбогдол үзүүлнэ гэж Аж үйлдвэрийн сайд танилцуулсан.

Мөн үеэр БНХАУ-ын Худалдааны дэд сайдтай уулзаж, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааны талаар санал солилцсон байна. Нэгдүгээрт, БНХАУ-ын зүгээс дэвшүүлж байгаа “Шинэ торгоны зам” төсөлд хоёр орон хамтран оролцож,  хүмүүнлэгийн болон худалдаа эдийн засгийн чиглэлд хамтран ажиллаж, Монголоор дамжсан эдийн засгийн коридор байгуулах, “Талын зам” төслийг хэрэгжүүлэх явцад талууд ямар үүрэгтэй оролцох талаар санал солилцсон аж. Уг төслийн хүрээнд санамж бичиг байгуулах ба санамж бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ сарын 10-ны үеэр БНХАУ-д хийх төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурна гэсэн тайлбарыг хийсэн.

Хоёр орны худалдааны экспог хоёр жил тутамд зохион байгуулж байхаар тогтсон байна. Энэ танилцуулгын дүнгээс харахад дэлхийд өөрийн орны брэнд бүтээгдэхүүнээ гаргах гэхээс илүүтэй өмнөд хөрш рүү гаргах маш том бололцоо байна гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцолсон" гэлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ