Хэнтий аймагт “Шүүхийн иргэдэд үйлчлэх төв” нээгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан шилдэг төслийн уралдаанд Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын төсөл шалгарч өөрийн байрандаа өргөтгөл, засварын ажил хийж дуусан, “Шүүхийн иргэдэд үйлчлэх төв”-өө нээлээ.
2017 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилт тавьсны хүрээнд шүүхийн байр, ажлын зохион байгуулалт, харилцаа хандлагын цогц өөрчлөлтийг хэрэгжүүлж, үйлчилгээг сайжруулахаар тус уралдааныг зарласан байна.
2017 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилт тавьсны хүрээнд шүүхийн байр, ажлын зохион байгуулалт, харилцаа хандлагын цогц өөрчлөлтийг хэрэгжүүлж, үйлчилгээг сайжруулахаар тус уралдааныг зарласан байна.
Нээлтэд тус аймгийн иргэд болон хуулийн байгууллагын удирдлагууд уригдан оролцож, Хэнтий аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга Б.Баярсайхан шүүхийн үйлчилгээний төвийн бүтэц зохион байгуулалтыг танилцуулав.
Шүүхийн үйлчилгээнд шинэ стандартыг нэвтрүүлснээр иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, олон нийтийн хяналтыг тогтоох, ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн санаа бодлыг судлах, шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлж, шүүхэд мэдүүлэх эрхийг хангах ач холбогдолтой юм.
“Иргэдэд үйлчлэх төв”-ийн өргөтгөл, засварын ажлыг 20 гаруй сая төгрөгөөр хийсэн байна. Тус төв нь Хүлээлгийн хэсэг, Шүүх хуралдааныг онлайнаар үзэх хэсэг, Эвлэрүүлэн зуучлах хэсэг, Шүүгчийн туслахуудын хэсгээс гадна 28 м2 талбайтай Нэхэмжлэл, өргөдөл хүлээн авах хэсэг, 20 м2 хэмжээтэй Түр саатуулах байрны өргөтгөлүүдийг шинээр хийжээ. Түр саатуулах байрны өргөтгөл нь шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчийн аюулгүй байдлыг хангах үүднээс шүүх хуралдааны танхим руу шүүгдэгчийг шууд оруулж, гарахаар хийгдсэн байна. Шүүхийн туслахуудын өрөө шилэн ханатай болж, үйлчлүүлэгчдийн тав тухыг хангаснаар иргэдэд илүү нээлттэй, ойр болжээ.
Д.Одонтунгалаг