Баян-Өлгийчүүд наадмаа тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-11 14:31:02
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгийчүүд Хүннү гүрэн байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр 11:00 цагт аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд аймгийн удирдлагууд наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлснээр наадмын үйл ажиллагаа эхэллээ.

Аймгийн засаг дарга А.Гылымхан баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: "Өлгийчүүд бид төрийнхөө баяр наадмыг арвин их амжилтаар угтаж байна. Дэлгэр сайхан энэ зун хүн малын зоо тэнийж, айл гэр, хотол олны амьдрал дэвжин дээшилж байна. Бид бүхэн аймгийнхаа хөгжлийг улам эрчимжүүлж, ард иргэдийнхээ сайн сайхан аж төрөх нөхцөлийг улам сайжруулахын төлөө чармайн ажиллаж, хөдөлмөрч, бүтээлч олныхоо амжилт, зүтгэлийг төр түмэн маань үнэлэн "Монгол Улсын Гавьяат барилгачин"-аар Х.Арыстаныг мөн 60 гаруй хүнийг төрийн одон медалиар шагнаж, дэмжиж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Энэ баяр наадмын индэр дээрээс та бүхэнд уламжлалаа хадгалж, орчин цагийн хөгжлийн хамт улам эрч хүчтэй, бүтээлчээр хөдөлмөрлөхийг уриалж байна" гэв.

Нээлтийн ажиллагааны үеэр баярын парад, Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, хилийн цэргийн 0165 дугаар ангийн дайчдын тулааны үзүүлбэрүүдээр үргэлжилж, аймгийн арслан Ш.Мурат, К.Ханат, М.Төртулга, н.Нуртуган, Х.Асен, У.Береке, Х.Айдос нараар магнайлуулсан хүчит 256 бөхийн барилдаанаар үргэлжилж байна.

Мөн Сурын талбайд үндэсний сурын харвааны тэмцээн, Цэнгэлдэх хүрээлэнд шагайн харваа, морины барианы газарт дага, шүдлэн, хязаалан, жороо морины уралдаанууд зэрэг явагдаж байна.
Баярын арга хэмжээнүүд маргааш үргэлжилнэ.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ