Эх орноо түймрээс аврах аянд Дорноговьчууд нэгдэж 2.7 сая төгрөг хуримтлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-16 15:53:38
Дорноговь /МОНЦАМЭ/. Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдад туслах аян Дорноговь аймагт өрнөж байна.
Эх орноо гал түймрээс аврах аянд Сайншанд сумын ЗДТГ-ын хамт олон 400 мянга, Сайншанд өртөөний хамт олон нэг сая, Айраг сумын ИТХ-ын төлөөлөгчид 250 мянга, Ш.Очирсүх захиралтай “Их-Уулын говь” ХХК-ийн хамт олон 100 мянган төгрөг, аймгийн МСҮТ 50 мянган төгрөг гээд олон байгууллага хандив өргөлөө.Дорноговьчууд "Эх орноо гал түймрээс аваръя аян"-нд нэгдэж өглөөний 09.00 цагаас 14.45 цаг хүртэл 2.700.000 төгрөгийг хуримтлуулжээ.
Сайн санааны аяныг Сайншанд сумын “Үлэмж” худалдааны төв, “Дорнын говийн тусгал” гэрэл зургийн холбоо, “Дорнын манлайлагч залуус” төрийн бус байгууллага, www.dornogovipost.mn сайт, Дорноговь аймгийн унадаг дугуй сонирхогчдын клуб, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Нутгийн зөвлөл санаачилсан байна. 
Говь нутгийн иргэд, залуус, байгууллага хамт олноороо өөрсдийн боломж бололцоогоо ашиглаж  40 хэмийн халуунд түүртэлгүй ирж хандиваа өгч байгаад аяныг санаачлагчдын зүгээс аянд оролцсон иргэд, байгууллага аж ахуй нэгжид талархал илэрхийлсэн байна. Аян үдшийн 22 цаг хүртэл үргэлжилнэ. Хандиваар цугларсан мөнгөн тусламжийг Онцгой байдлын Ерөнхий газраас гаргасан хандивын дансанд удахгүй шилжүүлнэ. Хандивын дансны дугаар, Дорнын манлайлагч залуус төрийн банк:281500401573
 Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ