БНСУ-ын Сорогсан Үндэсний паркийн мэдээллийн төв нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-18 21:57:55
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Батширээт суман дахь Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Онон хэсгийн Мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвд БНСУ-ын Сорогсан Үндэсний паркийн нэрэмжит Мэдээллийн төвийн нээлт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-ын Үндэсний паркийн дарга Пак Бован, Сорогсан Үндэсний паркийн дарга Ким Жун Уан, Хан Хэнтийн УТХГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад нар оролцов. Мөн нээлтийн үеэр бэсрэг наадам зохион байгууллаа.
 
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, БНСУ-ын Сораг уулын байгалийн цогцолборт газрын хамтын ажиллагааны хүрээнд харилцан мэдээлэл солилцон, сургалт сурталчилгаа хийж байгаа юм. Хан Хэнтийн УТХГ-аас нэг өрөөг тохижуулан, нутгийн иргэд болон гадаад, дотоодын аялагч жуулчдыг хүлээн авч, танилцуулга, сурталчилгааны материал тараан, хог хаягдалгүй цэвэр орчин бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Батширээт сумын ЗДТГ-тай хамтраад жилдээ 8 удаа их цэвэрлэгээ хийж байна.
 
Мөн байгаль орчны чиглэлээр лекц, семинар, цуглаан зохион байгуулж, жилдээ дотоодын иргэд давхардсан тоогоор 2300, ерөнхий боловсролын сургуулийн 300 сурагч, гадны жуулчид 300 гаруй хүнийг хамруулдаг аж. Мэдээллийн төв, нөхөрлөлүүдээс сард 2 удаа иргэдэд байгаль орчны хуулийн мэдлэг олгох ажлыг зохион явуулж байна.
 
БНСУ-ын Сорогсан Үндэсний паркад мөн Хан Хэнтийн УТХГ-ын мэдээллийн төв ажиллаж байгаа юм.
 Д.Одонтунгалаг
 
 
Холбоотой мэдээ