Ирэх сард Сарлагийн баяр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-20 02:45:56
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумд "Таван түмэн сарлагийн баяр"-ыг ирэх сарын 4-нд зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээг Эрдэнэцогт сумын ЗДТГ, Байгаль орчин аялал жуулчлалын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба хамтран зохион явуулна.
Сарлагийн баяраар cарлаг үхрийн уралдаан, сарлаг унасан сайхан хос шалгаруулах, сайхан бух шалгаруулах, ачаа ачсан сарлагийн цуваа, эмнэг сарлаг булгуйлах зэрэг тэмцээнүүд болох юм байна. 
Сүүлийн жилүүдэд Эрдэнэцогт сумын мал сүрэг тогтвортой өсч байгаагийн дотор үхэр сүрэг нийт сүргийн 30 гаруй хувийг эзэлж, толгойн тоогоороо улсад хоёр, аймагтаа эхний байрт ордог байна.
Сонирхуулахад, Таван түмэн сарлаг нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтээр бол 50.000 сарлаг аж. Тус баярыг Эрдэнэцогт сум уламжлал болгон зохион явуулаад цөөнгүй жил болж байгаа бөгөөд өнгөрсөн онд "Таван түмэн сарлагийн баяр"-т зориулан Сарлагийн бухын хөшөөг Тэрлэгт овгийн Сайннямбуугийн Доржийн үр хүүхдүүдээс санаачлан бүтээсэн нь сумын төвнөө байдаг байна.
                                                                                                                                Б.Мөнхзул
Холбоотой мэдээ