Дундговийн нийт нутгаар бороо орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-20 15:46:48
Дундговь/МОНЦАМЭ/Нийт нутгийн  95 хувь нь гантай, гандуу болоод байсан Дундговь аймгийн ихэнх сумын нутгаар хоёр өдөр ахиу хэмжээний бороо орлоо. УЦУОШ- ний газрын “Мандал бороо” экспидиц хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэхээр үүлэнд зориудаар нөлөөлжээ.
Өмнөговь аймгийн баруун талаас зүүн хойш шилжин ирэх үүлийг тосч, Дундговийн Хулд сумын нутагт тус экспидиц байрлан, найман пуужин харваж үүлэнд зориудаар нөлөөлсөн гэлээ.
Хамгийн ихдээ Луус, Хулд сумын нутгаар 46- 47 мм, Дэлгэрхангай, Дэрэн сумын нутгаар 25 мм, Адаацаг, Гурвансайхан, Сайхан- Овоо сумын нутгаар 14- 17 мм, Өлзийт сум, Мандалговь хот орчмоор 10 мм хур тунадас орсныг УЦУОШГ- аас мэдээлсэн юм. Бусад сумын нутгаар 2- 8мм хур тунадас оржээ.
 Долдугаар сарын эхнээс хэт халалт үргэлжилж, арваадхан хоногт ган гачиг нүүрлэн ирснийг бодоход хүн, малын зоо тэнийх нь гэж малчид хэлж байна. Бороо ширүүн ороогүй, зөөлөн зүсэрч үргэлжилсэн нь хөрсөнд сайн нэвчиж, зуншлага сэргэх таатай нөхцөл болно гэсэн итгэлтэй байна.

Т. Отгонтуяа 
 
Холбоотой мэдээ