Уулын хадлан ирэх сарын 1-нээс эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-21 15:14:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Малчид ирэх сарын 5-наас уулын хадланд, 15-наас голын хадланд гарна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Е.Айдын мэдээллээ.

Далайн түвшнээс их өндөрт, уулархаг бүсэд оршдог, эх газрын эрс тэс уур амьсгалтай тус аймгийн малчдын хувьд өвлийн бэлтгэлээ базаах ажилд ийнхүү эртнээс гардаг байна.

Баян-Өлгий аймаг нь 2016 онд 62650 тн хадлан бэлтгэх  төлөвлөгөөтэйгөөс 65325.1 тн хадлан бэлтгэж, төлөвлөгөө 2675.1 тн буюу  4.3 хувиар давж биелүүлсэн юм. Албаны хүний мэдээлснээр энэ жил зуны эхний саруудад ихэнх сумдын нутгаар гандуу байснаас хадлангийн гарц урьд онуудтай харьцуулахад сайнгүй байгаа ч өнгөрсөн жилээс дутуугүй хадлан бэлтгэхээр төлөвлөжээ.

2016 оны жилийн эцсийн мэдээгээр тус аймгийн малын тоо 2167413-д хүрсэн бөгөөд үүнээс 13519 мал зүй бусаар хорогдсон аж. Мөн өнгөрсөн хавар 819912 толгой төл бойжжээ. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас малын тоо толгой өсч, тэр хэмжээгээр бэлчээрийн талбай хумигдан даац хэтэрч байгааг харгалзан үзэж, хадлан бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбоотой холбогдох арга хэмжээ авах тухай аймгийн Засаг даргын захирамж гаргуулахаар ажиллаж байгаа ажээ.
 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ