Сураггүй болсон хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-07-25 22:26:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нийслэлд хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоны төвд үерт автжээ. Энэ үеэр сураггүй болсон бага насны хүүхдийг олохоор Нийслэлийн Аврах ангийн эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 
Мөн үерт  40 настай  эмэгтэй, 4 настай эрэгтэй хүүхэд өртөж гэмтсэнийг эмнэлгийн байгууллагад хүргэжээ. 
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орох тул иргэд, олон нийтийг аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхэд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлыг шалгах, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хараа, хяналтаа сайжруулах, үерийн аюултай бүсэд оршин сууж байгаа бол нүүх, цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
Холбоотой мэдээ