Дэлгэрийн Чойрын хийдэд Соёмбот орон хэмээх шинэ сүмийг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-27 17:46:05
Дундговь/МОНЦАМЭ/ Өнөөдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дахь Дэлгэрийн Чойрын хийдийн шинэ сүмийн үүдийг нээж, бат оршил өргөх ёслолыг үйлдэв.
 
Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, соён гэгээрүүлэгч их Бандида Шагдарын Дамдин буюу Зава Дамдин Лувсандаяан ламын мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа шинэ сүмийг нээх ёслолоор ийнхүү эхэлсэн юм.  
Дэлгэрийн Чойрын хийдийг гүн ухаантан Зава Дамдин одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт уулын энгэрт 1918 онд нүүлгэн байгуулсан түүхтэй. Хийдийн үйл ажиллагаанд баримтлах жаяг, дэг нь тухайн үед нэлээд утга төгөлдөр, бурханы шашны винайн ёс, аливаа зан үйл, уламжлалд нийцүүлсэн Зава Дамдины эрдэм оюуны илэрхийлэл болж байсан гэдэг. Хийд ид цэцэглэн хөгжиж байх үед буюу гучаад оны эхэнд хагас мянган лам шавилан сууж, бурханы шашны их, бага арван ухаанд шамдан суралцаж байсан нь тухайн үед Дайчинбэйсийн хошууны эрдэм соёлын төв байсныг гэрчилдэг байна.
Энэ хийдийн туурийг хадгалж, түүнтэй зэрэгцүүлэн шинэ сүмийг барьсан бөгөөд “Зарлигаар байгуулсан Соёмбот орон” хэмээн нэрийдсэн тухай Дэлгэрийн Чойрын хийдийн хамба, Зава Дамдин гавжийн хойд дүр Лувсандаржаа ринбүүчий айлдсан юм.
Тэрээр Төвдийн Сэтав чойжонгийн лүндэнгээр Зава Дамдин гэгээнтний хойд дүрээр тодрон 2005 оноос Дэлгэрийн Чойрын хийдэд суурьшин, тус хийдийг сэргээх, шинэ сүм барьж байгуулах их үйлсийг эхлүүлсэн. Өөрийн нь багш Гүрүдаваа ринбүүчийн сэрүүн тунгалаг ахуйдаа захисан захиас даалгавараар бүтээн байгуулсан учраас шинэ сүмээ Зарлигаар байгуулсан хэмээн тодотгосныг хэлж байна.  
Түүнчлэн Соёмбо бол  өөрөө гарсан гэгээн гэдэг утгыг илэрхийлсэн санскрит үг бөгөөд дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг. Энэ тэмдгийг Зава Дамдин гавж төрийн далбаанд байршуулах санаачлага гаргасан гэдэг бөгөөд одоо ч Монгол Улсын төрийн далбаанд энэ утга төгөлдөр тэмдэг оршсоор байгаа тул шинэ сүмээ Соёмбот орон хэмээн нэрийдсэн хэмээн тайлбарлав.
Сүмийг нээхийн өмнө үүдэнд нь хүндэтгэн залж сүндэрлүүлсэн Д. Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, равнай өргөлөө.
1946 оны долдугаар сарын 6- ны өдөр нийслэл хотын төв талбайд босгосон жанжин Д. Сүхбаатарын боржин хөшөөг 2011 онд хүрэл хөшөөгөөр сольсон бөгөөд уран барималч С. Чоймбол тэргүүтэй урчуудын бүтээсэн тэрхүү боржин хөшөөг Лувсандаржаа хамба хийддээ авчирч, шинэ сүмийн  үүдэнд залж сүндэрлүүлсэн байна. Монголын уран барималчийн гараар бүтэж, соёл түүхийн дурсгал болон жар гаруй жил сүндэрлэсэн хөшөөг буй чигээр хадгалж үлдэх, нөгөөтэйгүүр Сүх жанжин Зава Дамдин гавжтай номын барилдлагаар холбоотой байсан гэх үүднээс жанжны хөшөөг ийнхүү хүндэтгэн залжээ.
Соёмбот орон хэмээх шинэ сүмийн үүдийг нээсний дараа сүмд бат оршил өргөх хурал хурсан юм. Хуралд “Алтан дэвтэр” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд уригдан ирсэн хүндэт зочид оролцсон бөгөөд бат оршил өргөх хурлын дараа сүмээс сэмбэрэм өргөн “Алтан дэвтэр” судрыг Бадрангуй цагаан гэрэлт өргөөнд залах ёслолыг үйлдэв. Зава Дамдин гавж төвд хэлээр 17 боть бүтээл туурвисан бөгөөд “Алтан дэвтэр”, “Хор чойнжун” зохиол нь монголч эрдэмтэдийн дунд ихэд алдаршсан бүтээл болсон байна. 2007 онд Зава Дамдин  гавжийн мэндэлсний 140 жилийн ойгоор түүний хойд дүр Лувсандаржаа хамба “Хор чойнжин” судрыг орчуулан залж байсан бол энэ удаад “Алтан дэвтэр” судрыг ийнхүү бүтээсэн байна.  
Бадрангуй цагаан гэрэлт өргөө нь Дэлгэрийн Чойрын хийдийг сэргээн, 2006 онд анх нээж байсан 16 ханатай том өргөө сүм юм. Энэ нь тухайн үедээ Монголдоо хамгийн том өргөө гэгдэж байсан бөгөөд Дэлгэрийн Чойрын хийдийн онцлог төрх болсоор ирсэн билээ. Энэ өргөөнд алдарт “Алтан дэвтэр” судрыг залж хүндэтгэлээ.  
Ийнхүү нэрт соён гэгээрүүлэгч Зава хэмээх Шагдарын Дамдины мэндэлсний 150 жилийн ойгоор түүний бүтээн байгуулсан Дэлгэрийн Чойрын хийдийн голомтод Монголын шашин сүм хийдийн хөгжилд хувь нэмэр оруулан, монгол уран барилгын  ур хийцийг шингээсэн нэгэн шинэ дуган үүдээ нээлээ.
 
Т. Отгонтуяа  


 
Холбоотой мэдээ