2016 оны сонгуульд МАН, МАХН-ыг хамтарч оролцохыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭМАН болон МАХН-ын ахмадуудын төлөөлөл өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай уулзаж, өргөх бичиг барьлаа.
Уг өргөх бичигт УИХ-ын 2016 оны сонгуульд МАН, МАХН-ыг эвсэл байгуулж, хамтарч сонгуульд орохыг уриалсан байна.
"Өнгөрсөн хугацаанд МАХН-ын гишүүдийн нэг хэсэг нь АН-тай хамтарч нөгөө гишүүд нь МАН нэрээр сөрөг хүчин хэмээж хүчээ сарниулсны улмаас эрх баригчдын хууль бус хариуцлагагүй үйл ажиллагаа газар авлаа.
Монголын газар нутгийн 60 гаруй хувь хайгуулын лиценз нэрийн дор гадаадынхны гарт орж, улсын гадаад өрийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэлийн орлогын 70 хувиас хол давлаа. Төр засгийн буруутай бодлогоос үүдэн 5000 гаруй аж ахуйн нэгжүүд хаалгаа барив. Тиймээс үзэл бодол, угшил үндэс нэгтэй МАН, МАХН-ын дарга Ерөнхий нарийн бичгийн дарга нар эх орон, ард түмний эрх ашгийг бодолцож үл ойлголцлоо зогсоож, аливаа асуудалд ухаан тэвчээр гарган 2016 оны сонгуульд хоёр нам эвсэж орох саналыг та бүхэнд өргөн барьж байна" хэмээн өргөх бичигт бичжээ.
Өргөх бичигт төр нийгэм, урлаг, спортын салбарт нэр хүнд бүхий МАН, МАХН-ын 44 ахмад гишүүн гарын үсэг зуржээ. МАН-ын дарга М.Энхболд ахмадуудын өргөн барьсан албан бичгийг ойрын хугацаанд МАХН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, хэлэлцэх болоно гэлээ.
Ч.Ариунболд