Туркт үйлдвэрлэсэн дроныг амжилттай туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-07-31 15:29:09
АНКАРА. /Anadolu/. Турк улсад үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн зэвсгээр тоноглогдсон нисгэгчгүй онгоцыг турших ажил өнгөрсөн ням гарагт амжилттай болсон байна.
 
“Bayraktar TB2” гэдэг нэртэй нисгэгчгүй онгоцонд суурилуулсан ухаалаг зэвсгийн систем нь 8 км-ийн зайд байгаа байг устгах чадвартай аж. 

2014 оноос эхлэн Туркийн зэвсэгт хүчин, цагдаагийн газарт зориулан үйлдвэрлэж буй уг агаарын хөлөг нийтдээ 20 мянган цагийн нислэг байна. Нэг удаад 27 цагийн хугацаагаар нисэх боломжтой ба дотоод болон гадаадад үүрэг гүйцэтгэхэд ашиглаж болох аж. Нисгэгчгүй онгоц болон түүний цахим хэрэгслүүд, программ хангамж, аэродинамикийн загвар, дэд системүүдийг бүгдийг нь Турк улсад үйлдвэрлэсэн байна.  

Дронд суурилуулсан MAM-L гэдэг ухаалаг зэвсгийн систем нь Туркийн пуужин үйлдвэрлэгч “Roketsan” компанийн бүтээгдэхүүн юм. Турк улс нь нисгэгчгүй онгоцны технологийн салбарт дэлхийн тэргүүлэгч орнуудын нэг болоод байна.
Х.Сарнай 
 
 
 

Холбоотой мэдээ