Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгавар хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-08-02 15:30:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өнөөдөр 21 аймгийн Засаг дарга болон Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр албан даалгавар хүргүүлжээ.

Уг албан даалгаварт байгаль цаг уурын болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг баталж, нэгдсэн удирдлагаар хангах, гантай байгаа аймгууд бусад аймаг, сумын удирдлагуудтай харилцан тохиролцож хадлан бэлтгэх, улсын болон орон нутгийн отрын бүс нутаг, хилийн зурвас газруудад өвөлжих малчин өрх, малын тоог нарийвчлан гаргаж холбогдох газруудад хүсэлт гаргаж, гэрээ байгуулах зэргийг тусгасан байна.

Мөн махны экспортыг нэмэгдүүлэх төрийн бодлоготой уялдуулан эрүүл бүсчлэл бий болгох, малын тэжээлийн нөөц бүрдүүлэх, гоц халдварт урьдчилан сэргийлэх, газар тариалангийн ургацын урьдчилсан балансыг ирэх сарын 18-ны дотор нарийвчлан гаргах, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахыг үүрэгджээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ