Гүрмийн нуурыг зорих иргэдийн цуваа тасрахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-10 12:41:32
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвөөс зүүн хойш 8 км-т орших Гүрмийн нуурыг зорих хүмүүсийн хөл хөдөлгөөн тасралтгүй үргэлжилсээр байна.

Энэ зуны хугацаанд 1000 гаруй хүн Гүрмийн нуурыг үзэж сонирхохоор, амарч сувилуулахаар ирсэн тухай сумын Засаг дарга Д.Баянмөнх ярьж байлаа. Маргааш гэхэд л “Залуус хөгжлийн эхлэл” 500 залуусын уулзалт цугларалтыг Гүрмийн нуурын хөвөөнөө зохион байгуулахаар төлөвлөжээ.

Гүрмийн нуурыг 2005 онд Хэнтий аймгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд нуур нь 3 төрлийн шавар, 3 төрлийн усны шавьжтай аж. Эдгээрийг эрт дээр үеэс үе мөчний өвчин, харшлын өвчин, цусны даралт өвчний үед хэрэглэж ирсэн байна.

1975 онд Улсын мэргэжилтнүүд анхны шинжилгээ судалгааг хийж, нуур 4.7м гүн, эргэн тойрон 10 гаруй км тойрогтой гэж тодорхойлогджээ. Хамгийн сүүлд 2015 онд Шинжлэх ухааны академийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгээс “Гүрмийн нуурын экосистемийг нөхөн сэргээх, зохистой ашиглах зөвлөмж боловсруулах” судалгааны ажил хийсэн байна. Уг судалгаагаар Гүрмийн нуурын шаврын химийн найрлагыг анх удаа нарийвчлан тодорхойлж, дулаан хадгалах чадвар маш сайн, эмчилгээнд ашиглах бүрэн боломжтой болохыг, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон нуурын ус болон шавартай харьцуулан тодорхойлсон аж. “Тиймээс Баян-Овоочуудын хөгжлийн хамгийн том гарц бол Гүрмийн нуур яах аргагүй мөн” хэмээн сумын удирдлагууд нь үзэж байна.

Одоогоор зуны цагт Баян-Овоо сумын ЭМТөвөөс сувилал эмчилгээний цөөхөн хэдэн гэр барьж, нутгийн ахмад, хүүхэд багачуудад үйлчилж байна. Цаашид Хэнтий аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Гүрмийн нуурыг түшиглэн аймгийн Эрүүл мэндийн газрын ажилтнуудын амралт сувиллын төв байгуулахаар тусгагдсан аж. Үүнтэй зэрэгцэн сумаас бодлогоор амралт сувиллын томоохон цогцолбор байгуулж,  хөгжлийн олон талт ажил зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
 Д.Одонтунгалаг
 
Холбоотой мэдээ