Малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор судалгаа явуулж байна

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 13:43:10

Одоогоор Өвөрхангай аймгийн хэжээнд 5,5 сая мал намаржиж байна. ХХААГ-аас малчдын зах зээлд борлуулах малын судалгааг малын төрөл, нас хүйсээр нарийвчлан гаргуулж сумдаас авсан юм.

Үүнд: тэмээ 462, адуу 21652, үхэр 17844, хонь 299428, ямаа 348040 нийт 687427 мал борлуулахаар саналаа өгчээ.

Малын тоо өссөн, малчдын орлого багассан, бэлчээрийн даац хэтэрсэн болон цаг агаарын урьдчилсан байдлаас үзэхэд 10-12 дугаар сард цас их хэмжээгээр унаж, хүйтрэх төлөвтэй байгаа зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж, малчид малаа эдийн засгийн эргэлтэнд оруулах, зах зээлд борлуулах хүсэлтэй байгаа аж.

Мал, махны үнэ буурсан нь малчдад малчдын өрхийн орлогод хүндрэл учруулж байгаа тул аймгийн ХХААГ-аас дотоодын мах бэлтгэлийн ААН болон гадаадад мах гаргах ААН, байгууллагатай хамтран ажиллах судалгааг бүх талаар явуулж байна. ”Гадаадад мах бэлтгэх ААН-д эрх авсан боловч хилийн хорио цээрийн хяналт, зөвшөөрлийн асуудлаас хойшлогдож байгаа бөгөөд энэ асуудал шийдэгдвэл сумдын ЗДТГ-аар дамжуулан малчдад мэдээллийг хүргүүлнэ” хэмээн ХХААГ-аас мэдээллээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ