Жүжигчин Морган Фрийман "Screen Actors Guild"-ийн шагналыг хүртэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2017-08-23 11:28:45
ЛОС-АНЖЕЛЕС. /VOA/. 2017 оны Screen Actors Guild /SAG/ наадмын бүх насаараа урлагт зүтгэсэн алдартнуудад олгодог шагналыг ирэх 1 дүгээр сард киноны бүх төрөлд чадварлаг жүжиглэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин Морган Фрийман хүртэхээр болжээ.

Тэрбээр 80 наслахдаа 50 жил кино урлагт зүтгэж 100 гаран кинонд дүр бүтээснээрээ дээрх шагналыг хүртэн Лили Томлин, Дэби Рейнолдс болон Дик Ван Дик нартай адил хүндэтгэлийг хүлээх юм. Тус шагналын хороо М.Фрийманд тус алдрыг хүлээлгэхээр болсноо мягмар гарагт зарлалаа.

"SAG-AFTRA" холбооны захирал Габриэл Картерис хэлэхдээ "Зарим жүжигчид өөрт төгс тохирох дүрийг хүлээсээр байдаг бол Морган Фрийман төгс жүжиглэлт бол ямар дүрдээ биш жүжигчин дүрийг хэрхэн бүтээхдээ байдаг гэдгийг бидэнд харуулж чадсан. Тэр маш бүтээлч, аймшиггүй зоригтой, баригдмал биш" гэжээ.

Тус шагналыг кино урлагийн түүхэнд домог болсон жүжигчдэд жил бүр гардуулдаг юм.

М.Фрийман үлгэр жишээ биеэ авч явах байдал болон гайхамшигт сүрлэг дуу хоолойгоороо "Бүхнийг чадагч Бруис " киноны бурхны дүрд, ерөнхийлөгчийн дүрээр "Инвиктус" болон "Гүн нөлөө" кинонуудад тоглосон юм.

Тэрбээр 2005 онд "Сая долларын эмэгтэй" киноны чөлөөнд гарсан боксчны дүрээр Оскарын шагнал хүртсэн билээ.
Х.Сарнай 
Холбоотой мэдээ