Кристофер Колумбын хөшөөг буулгаж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК./TASS/. 1492 онд Америк тивийг нээсэн Кристофер Колумбын /1451-1506он/ хөшөөг буулгах асуудлыг Нью-Йорк хотын дарга Билл де Блазио авч хэлэлцэхээр болжээ. Энэ тухай тус хотын тамгын газрын албан ёсны төлөөлөгч Бен Сарпе мэдэгджээ.
“Колумбын хөшөө баримал нь бидний зүгээс нэн яаралтай анхаарал хандуулах ёстой хөшөө дурсгалын нэг юм” хэмээн Б.Сарле мэдэгджээ.
Хотын захиргааны энэхүү мэдэгдэл нь хэд хоногийн өмнө хотын зөвлөлийн дарга Мелисса Марк Виверито болон Ардчилсан намын бусад төлөөлөгчдийн зүгээс Нью-Йорк хотод зохион байгуулсан цуглаан дээр яригдсан саналын хариу болжээ. М.Виверито тухайлбал, К.Колумбын хөшөө барималыг буулгах боломжийг авч хэлэлцэхийг санал болгожээ, учир нь түүний бодлоор К.Колумб нь “зөрчилтэй хүн” тул түүний хөшөө нь олон хүмүүсийг, түүний дотор Карибаас гаралтай Б.Сарле шиг хүмүүсийг доромжилж байж болох ажээ.
Цуглаанд оролцогчид К.Колумбаас гадна “орчин үеийн эмэгтэйчүүд судлалын эцэг” нэрээр анагаах ухааны түүхэнд орсон доктор Жеймс Мэрион Симс-ийн /1813-1883он/ хөшөөг буулгахыг мөн уриалжээ. Түүнийг боол эмэгтэйчүүд дээр эмнэлгийн туршилт хийсэнд буруутгажээ. Учир нь тэрбээр эмчилгээний шинэ аргыг туршиж үзэхийн тулд эмэгтэйчүүдэд наркозгүйгээр мэс засал хийж байсан аж. Тэдгээр эмэгтэйчүүдийн цөөнгүй нь эдгэрсэн төдийгүй М.Симсийн боловсруулсан арга хэрэгслүүд нь анагаах ухаанд өнөө болтол хэрэглэгдсээр байгаа ажээ.
Үүнээс өмнө хотын дарга Де Блазио 90 хоногийн дотор Нью-Йоркын бүх хөшөөг шалган нягтлах үүрэг даалгавар өгчээ. Уг шалгалтын явцад хөшөө тус бүрийг үзэн ядах үзлийг үүсгэх магадлалтай эсэх талаас нь шинжлэн судлах ёстой ажээ. Дээрх шийдвэрийг Америкийн Иргэний дайны үед /1861-1865 он/ Өмнөд мужуудын холбооны талд байлдсан оролцогчдод зориулан босгосон хөшөө дурсгалыг буулгах өргөн цар хүрээтэй кампанит ажил явагдаж байгаатай холбоотой гаргасан байна. Энэ бүхний цаад шалтгаан нь Шарлотсвиллд болсон үйл явдал болсон ба учир нь генерал Роберт Ли-гийн хөшөө барималыг буулгах шийдвэрийг орон нутгийн эрх баригчид гаргасны дараа буюу 8 дугаар сарын 12-нд хэт барууны үзэлтнүүд болон тэднийг эсэргүүцэгчдийн хооронд ширүүн мөргөлдөөн болсон юм. Эмх замбараагүй байдлын үеэр 20 настай неонацист хэт барууны үзэлтнүүдийг эсэргүүцэгчид рүү машинаар дайрсны улмаас 32 настай нэг эмэгтэй амиа алдаж, 19 хүн гэмтэл бэртэл авсан юм.
Үүний зэрэгцээ Америкчуудын ихэнх буюу 62 хувь нь конфедератын хөшөө дурсгалуудыг буулгахын эсрэг байгаа ажээ. Үүнийг өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн “Marist Institute for Public Opinion” судалгааны албанаас явуулсан санал асуулгын дүн нотлож байгаа юм. Дээрх хөшөө дурсгалуудыг буулгахыг мөн Ерөнхийлөгч Дональд Трамп буруутгажээ.
О.Барс