Байгаль хамгаалагчид 72 км/цаг нисч, зөрчил баримтжуулах төхөөрөмжтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-08-24 11:46:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олгож буй байгаль хамгаалагчдад мэргэжлийн дрон, байршил тодорхойлон мэдээлэл дамжуулах хяналтын систем, төхөөрөмжүүд, моторт хөрөө, үүргийн гал унтраагуур, түймэрт тэсвэртэй ажлын хувцас зэргийг Хотын дарга С.Батболд гардууллаа.

 

 Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан журмын дагуу байгаль хамгаалагчдын хувцас, таних тэмдгийг шинэчилсэн. Энэ хүрээнд  Нийслэлийн Байгаль хамгаалагчдын шинэ дүрэмт хувцсыг танилцуулж байна. Нийслэл хотын захиргаа байгаль орчныг орон нутгийн иргэдийн хүч, оролцоотой хамгаалах бодлогыг хэрэгжүүлж буй бөгөөд энэ  хүрээнд 90 иргэнд идэвхтэн байгаль хамгаалагчийн эрх олголоо.
 
Харин байршил тодорхойлогч төхөөрөмж нь байгаль хамгаалагчдын явсан зам, чиглэлийг цаг, минуттай мэдээлэхээс гадна төв хяналтын системтэй мэдээлэл солилцох, мессеж явуулах, ойролцоох байгаль хамгаалагчаас тусламж хүсэх, байршлаа илгээх боломжтой гэдгийг хотын даргаа онцолсон юм. Мэргэжлийн дроноор 500 метрийн өндрөөс 7 км радиус дахь газар нутгийг хянах боломжтой бөгөөд 72 км/цагийн хурдтай нисч, зөрчлийг 4К нягтралтай баримтжуулдаг. Гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна зэрлэг амьтдын тооллого судалгаа, түймрийн хяналт зэрэгт ашиглах аж.  

 Байгаль хамгаалах ажилд технологийн дэвшлийг ашигласнаар байгаль хамгаалагчдын аюулгүй байдлыг хангах, зөрчлийг шуурхай хүлээн авч, таслан зогсоох боломжтой боллоо гэдгийг албаныхан хэллээ.

Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ