БАЯНХОНГОР: Аймгийн төвд 10 мянган мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-13 13:22:08
Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ЗДТГ-аас Баянхонгор хотод мод тарих ажлыг энэ сарыг дуустал зохион байгуулна. Энэ хаврын тариалалтаар аймгийн төвд 10 мянган мод тарихаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд Түйн голын зурвас, Номгон хайрхны бэл дэх бургасыг өргөтгөн тариалалт хийж байна.

Мод тарих үйл ажиллагааны албан ёсны нээлт энэ сарын 17-ны өдөр болох бөгөөд Арван мянгатын ногооны 30 айлын ард шинээр байгуулсан ойн зурваст тариалалт хийх юм байна. Мөн үеэр модны суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлэх тал дээр Баянхонгор сумын ЗДТГ онцгой анхаарч ажиллаж байна.

Бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн ажиллахад Баянхонгор хотын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэн идэвхитэй оролцохыг Баянхонгор сумын ЗДТГ-аас уриаллаа. Энэ онд 10 мянган мод нэмж тарьсанаар аймгийн төвийн ногоон байгууламж 200 мянга гаруй модтой болж байгаа бөгөөд усалгаа, арчлалт хамгаалалтыг тогтмолжуулснаар Баянхонгор хот - Ногоон хот болох боломж бүрдэхийг албаныхан онцлов.






Холбоотой мэдээ