М.Ганзориг: Баянзагт тарьсан загийн 90-ээс дээш хувь нь ургаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн бямба гарагт Дамбадаржаа дахь “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд очиж, мод тарьсан юм. Энэ үеэр Монгол Солонгосын “Ногоон хэрэм” төслийн зохицуулагч М.Ганзоригтой ярилцлаа.
-Танай төслийнхөн тус цэцэрлэгт хүрээлэнд хэдий хугацаанд ажиллав. Хэдэн га-г хамрав, бүтээн байгуулалтын ямар ажил хийв?
-Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Дамбадаржаа дахь тус цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажил 2017-2021 онд үргэлжилсэн. Төслийг 2021 онд хүлээлгэж өгөх байсан ч цар тахлын улмаас 2023 он хүртэл хойшилсон юм. Нийтдээ 40 га газарт 40-өөд төрөл зүйлийн 90 гаруй мянган мод тарилаа. Мөн мэдээллийн төв, сагсан бөмбөгийн талбай, хиймэл усан сан, усан оргилуур, цамхаг, явган хүний зам, автомашины зогсоол зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь социализмын үед 100 га талбай бүхий талбайг хамарч байсан юм. Уг цэцэрлэгт хүрээлэнг байгуулснаар хотын ногоон бүс нэмэгдэж, ард иргэдийн эрүүл, тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдсэн.
-Мод тарьдаг ид цаг ирлээ. Мод тарихад хамгийн эхэнд анхаарвал зохих зүйл юу байна вэ?
-Монгол орон бүс нутаг томтой, дотроо говь, хангай, хээр гэхчлэн хуваагддаг. Энд нэг зүйлийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Говийн модыг хангайд, хангайн модыг говьд ургуулах боломжгүй. Тухайн бүс нутгийн төрөл зүйлийг тэр бүсэд нь тарих хэрэгтэй. Хоёрдугаарт, арчилгааг орхигдуулж болохгүй. Багадаа 2-3 жил арчлах хэрэгтэй. Мод ургахгүй байгаагийн гол шалтгаан бол дээрх хоёр шалтгаантай холбоотой. Иймд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангахын тулд модны тоонд анхаарах нь чухал биш. Хамгийн гол нь ямар бүс нутагт ямар төрлийн модыг тарих вэ гэдэг системээ олж авах нь бидний нэн тэргүүний ажил. Энэ арга барилаа олсон цагт бид хойшдоо хэдэн мянган мод тарих сууриа бүрдүүлж байгаа хэрэг юм.
-Бид нүхээ ухахаас ургаж бойжтол хүртэлх бүхий л шатанд шинжлэх ухаанч арга ажиллагааг нэвтрүүлэх хэрэгтэй байх. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Монгол Солонгосын “Ногоон хэрэм” төсөл энэ асуудлыг анхнаасаа нь олж харж, дэргэдээ эрдэмтдийн багийг ажиллуулж ирсэн. МУИС-ийн ойн салбарынхан өнгөрсөн 17 жилийн хугацаанд бидэнтэй хамтарч ажиллаж байна. Ингэснээр говь хээрийн гандуу бүсэд модыг амжилттай тарилаа. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв арга технологиор модыг тарихгүй бол бидний хийсэн ажил үр дүнд хүрэхгүй байх магадлалтай. Үүний зэрэгцээ анхаарвал зохих гол асуудал бол үр. Сүүлийн үед манай орны ойд үрлэлт байхгүй болж байна. Үр нь мөн л түрүүний ярьдгаар тухайн бүс нутгаас бэлдсэн, 100 хувь ургах чадвартай сайн чанарын үр байх хэрэгтэй. Үрийнхээ бүтцийг шинжлэх ухаанчаар гаргаж авах тал дээр анхаарах цаг нь болсон.
-Тэгвэл үрийн ген фондыг хадгалдаг сайн чанарын лабораторитой байх шаардлагатай байна, тийм үү?
-Ойн генетик нөөцийн төвийг Эрдэнэтэд байгуулсан. Тус төвтэй бид хамтарч ажиллаж байна.
-Говьд мод тарьсан туршлагаасаа хуваалцах уу. Тухайлбал, хаана заг тарив, ургалт нь хэдэн хувьтай байна вэ?
-Төслийн нэгдүгээр шатны хүрээнд гандуу хээрийн бүсэд нийт 2500 га-д ойжуулалт хийсний 1500 га нь заган ой. Өмнөговь аймгийн Баянзагийг Говь-Алтайн урд хэсгээс бэлдсэн загийн үрийн тарьц суулгацаар ойжуулсан. Ургалт 90 болон түүнээс дээш хувьтай гарсан. Заг бол угаасаа говийн мод. Тиймээс говьд заг ургахгүй гэх аргагүй. Гэхдээ усалгаа нэн чухал. Усалгаагаа шийдсэн тохиолдолд говийн төрөл зүйлийн модод бүс нутагтаа 90-ээс дээш хувийн ургалттай байдаг.