ДУНДГОВЬ: Хүмүүнлэг сургуулийн "Барс" тасаг хоёр дахь жилдээ аварга болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Жил бүр зохион байгуулдаг аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг
спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг 5 дугаар сарын 10-11-нд Мандалговь хотод
зохион байгуулж, аймгийн аваргыг шалгаруулав.
Өсвөр насны хүүхэд, залуучуудад цэргийн хэргийн анхан
шатны мэдлэг олгож, цэрэг, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, бие бялдрын болон
сэтгэл зүйн хувьд тэсвэр хатуужилтай ирээдүйн эх оронч залуучуудыг бэлтгэх
зорилгоор зохион байгуулдаг тус тэмцээнд Политехникийн коллеж болон Сайнцагаан
сумын Ерөнхий боловсролын 4 сургуулийн таван
тасаг оролцжээ.
Тэмцээнийг Эх орон, Урлаг гэсэн төрлөөр хоёр үе
шаттай зохион байгуулж, Хүмүүнлэг сургуулийн Ц.Доржсүрэн захирагчтай “Барс”
тасаг түрүүлж, Политехникийн коллежийн Б.Мөнх-Очир захирагчтай “Баавгай” тасаг
хоёр, Эрдмийн далай цогцолбор сургуулийн Б.Идэрхүү захирагчтай тасаг гуравдугаар
байрт шалгарсан байна.
Хүмүүнлэг сургуулийн Ц.Доржсүрэн захирагчтай “Барс” тасаг 2023 оны “Дөл” цэрэг спортын цогцолбор тэмцээнд гаргасан амжилтаа бататгаж, хоёр дахь жилдээ түрүүлсэн бол Эрдмийн далай цогцолбор сургуулийн тасаг энэ жил мөн гуравдугаар байрт шалгарчээ.