Оросын хөлөг онгоц мөс зүсэгчийн тусламжгүйгээр "хойд тэнгисийн зам"-аар Азид иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-08-25 10:57:35
МОСКВА. /TASS/. Шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэгч хөлөг онгоц "хойд тэнгисийн зам"-ыг /NSR/ мөс зүсэгч тусгай хөлгийн тусламжгүйгээр гатлан Европоос Азид ирсэн анхны арилжааны хөлөг онгоц боллоо.

Хойд тэнгисийн зам/ хойд тэнгисийн тээвэрлэлтийн маршрут гэдэг нь Оросын хууль тогтоомжоор албан ёсоор баталгаажуулж, тодорхойлсон нэр бөгөөд Ази болон Европын хооронд бараа тээвэрлэдэг хөлөг онгоцууд явдаг маршрут юм. Энэ нь Хойд мөсөн далайн Шинэ тэнгис олтригоос эхлэн Баренцын тэнгис, Карын тэнгис, Сибирь болон Берингийн хоолой хүртэл явдаг маршрут ажээ.

Оросын “Совкомфлот” компанийн 300 м урт “Кристоф де Маржери” хөлөг онгоц нь Европоос Азид ердөө 6 гаруй хоногийн хугацаанд явж ирсэн нь шинэ дээд амжилт юм гэж байгалийн хий тээвэрлэгч энэ хөлөг онгоцыг эзэмшигч компанийн албаны хүмүүс өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ ярьжээ.

Энэ хөлөг онгоц нь Норвегиос Өмнөд Солонгост байгалийн хий хүргэсэн байна.



Арктикт температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хойд тэнгисийн маршрутаар арилжааны хөлөг онгоцууд явах нь эрс нэмэгдэж байгаа аж.

“Кристоф де Маржери” нь одоогоор мөс зүсэгчийн тусламжгүйгээр Европоос Азид ирсэн дэлхийн анхны шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэгч хөлөг онгоц бөгөөд “Арк7” гэрчилгээг авсан хамгийн том хөлөг онгоц гэнэ. Уг гэрчилгээг  2.1 хүртэлх метр зузаан мөсийг өөрөө зүсэн тэнгисийг гатлах хүчин чадалтай хөлөг онгоцонд өгдөг байна.

Энэ удаагийн аяллын явцад хойд тэнгисийн маршрутын мөсний зузаан 1 гаруй метр байжээ.

2017 оны сүүлчээр “Совкомфлот” компани өөрөө мөс зүсэгч энэ хөлөг онгоцоороо Ямалын хойгоос Азийн зах зээлүүдэд байгалийн хий экспортлохоор төлөвлөж байгаа аж.
Г.Доржханд
 
 
 
 
 
Холбоотой мэдээ