Бухарест хотод олон мянган хүн оролцсон жагсаал дуусчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-06 12:37:46

КИШИНЕВ. /RIA Novosti/. Пүрэв гарагийн орой Румыны нийслэл Бухарест хотод олон мянган хүн оролцсон жагсаал цуглаан дууссан бөгөөд талбайд 100 орчим хүн үлдсэн тухай телевизийн “Digi24” суваг мэдээлжээ.

Засгийн газраа эсэргүүцсэн жагсаалын төв нь Бухарест хотын Их сургуулийн талбай болсон байна. Баасан гарагт шилжих шөнө Румыны нийслэл хотод 20 мянга орчим хүн цуглажээ. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод парламентыг тарааж хугацаанаас өмнө сонгууль явуулахыг шаардсан байна.

Одоогийн байдлаар хотын зам тээврийн хөдөлгөөн сэргэж, жагсагчид гэртээ харьцгаажээ. Зарим хэвлэлүүдэд мэдээлж буйгаар цөөн тооны жагсагчид Румыны Яссах, Васлуе, Бая-Маре болон Арад хотод эсэргүүцлийн ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж.

Бухарест хотод жагсаал цуглаан мягмар гарагт эхэлсэн юм. Румынчуудын эсэргүүцлийн ажиллагаа “Colectiv” шөнийн клубт ажиллах зөвшөөрөл өгсөн хотын дөрөвдүгээр суурин газрын захиргааны тэргүүн Кристиан Пиедонед арга хэмжээ авч, шийтгэхийг шаардсанаар эхэлсэн. “Colectiv” шөнийн клубт өнгөрсөн амралтын өдрүүдэд гал гарсны улмаас 32 хүн амиа алдаж, 200 орчим хүн түлэгдэж, гэмтсэн байна.

Жагсаал цуглаан улмаар Засгийн газрын эсрэг олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болж даамжирсан бөгөөд мягмар гарагийн орой уг жагсаалд 25 мянган хүн оролцож, Румыны Ерөнхий сайд Виктор Понт, Гадаад хэргийн сайд Габриел Опря нарыг огцрохыг шаарджээ. Румыны Ерөнхийлөгч Клаус Йоханнис Боловсролын сайд Сорина Кымпянуг пүрэв гарагт тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ