Гурвансайхан сумын сургууль 12 жилийн сургалттай болов

Орон нутагт | Дундговь
montsame_user@montsame.mn
2015-09-07 10:57:54

Дундговь аймаг 12 жилийн сургалттай сургуулийнхаа тоог нэмэгдүүлэн хичээлийн шинэ жилийг эхлүүлж байна.

Аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоолоор өнгөрөгч долдугаар сард Гурвансайхан сумын сургуулийг 12 жилийн сургалттай болгосноор тус аймаг 12 жилийн сургалттай 8 сургуультай болоод байгаа юм. Шинэ статустай болсон Гурвансайхан сумын сургууль энэ хичээлийн жилийг 280 гаруй сурагчтай нээж байна. “Өнгөрсөн жилийнхээс суралцагчийн тоо нэмэгдсэн. 6 настай 50 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа бол 9 дүгээр анги төгсөгчид сургуульдаа үргэлжлүүлэн суралцах боломж бүрдсэн учраас суралцагчийн тоо ийнхүү өссөн” гэж сургуулийн захирал Ж.Цэцэгдэлгэр хэллээ. Зөвхөн Гурвансайханы төдийгүй Баянжаргалан, Говь- Угтаал сумаас ч хүүхдүүд ахлах ангид суралцахаар иржээ. Багшлах боловсон хүчний хувьд ахлах ангийн хоёр багш нэмж авсан гэлээ.

Тус сургууль ирэх сарын эхээр шинэ сургуулийн барилга ашиглалтад хүлээн авна. Ингэснээр сургуулийн хүчин чадал 300 хүүхэд хүлээн авах боломжтой болж, хичээлийг нэг ээлжинд шилжүүлэн, сурагчдын авъяас чадварыг хөгжүүлэх дугуйлан сургалтаа нэмэгдүүлэх юм байна.

Гурвансайхан сумын төв авто зам, цэвэр бохир ус, халаалт дулааны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж бүхий дэд бүтэцтэй болж үүнийг түшиглэн орон сууц ч баригдаж, түрүүчээсээ ашиглалтад орж байгаа юм. Хөдөөд хот суурингийнх шиг тохилог аж төрөх ийм нөхцөл бүрдээд байгаа, дээр нь шинэ сургууль ашиглалтад орж байгааг нь дагалдуулж ийнхүү сумын сургуулийг 12 жилийн сургалттай болгосон нь зүүн бүсийн сумдад хүн амын шилжилт хөдөлгөөнийг бууруулах нэг гол нөхцөл болно гэж тус сумын иргэд сайшааж байна.  

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд