Чойбалсан хотын “Алдар гавьяаны өдөр” тохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-05 14:37:33
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод талын чимэг Чойбалсан хот үүсэн байгуулагдсаны 79 жилийн ойн баяр энэ сарын 2-нд тохиов. Дорнодчууд түүхт ойн баяраа өрлөг жанжин Монгол Улсын хошой баатар Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөснөөр эхлүүллээ.

Тэртээ 1821 онд Халхын Сэцэнхан Шолойн удмын Минжүүрдорж бэйсийн санаачилгаар шашин номын жасаа болон хошуу тамгын газар бүхий сууринг барьж байгуулснаар Чойбалсан хотын шав тавигджээ. Улмаар 1923 онд Ардын засгийн газраас баталсан тогтоол, дүрмийн дагуу Баянтүмэн Хан–Уулын хошууны төв, 1931 оноос “Баянтүмэн” аймгийн төв, 1938 оноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Баянтүмэн хотын захиргааг байгуулах шийдвэр гарч, одоогийн Чойбалсан хот анх үүсэн байгуулагдсан байна.
Чойбалсан хот удаа дараагийн дайн самууны үеийг өнгөрүүлэхдээ 1939 онд дайсны онгоцонд бөмбөгдүүлж, Зөвлөлт Монголын их цэргийг хүлээн авч, дайлаар мордоход нь үдэж, ялалт байгуулаад буцахад нь угтан авч байсан дайчин түүхтэй юм. Одоогоос найман жилийн өмнө тус хотыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнаж байв.
Чойбалсан хотын алдар гавьяаны өдөрт хүндэтгэл үзүүлэхээр хоёр хөршийн зэргэлдээх аймаг хотуудаас төлөөлөгчид ирж оролцсон юм. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ