Ахмад байгаль хамгаалагч сургуульд музей бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:02:23

Өөрийн сумын нутаг дэвсгэрт ургадаг эмийн болон ховор ургамалууд, зарим ан амьтадын чихмэл, өнгөт чулуунуудын үзмэр бүхий музей Дундговь аймгийн Гурвансайхан сумын сургуульд байна.

Уг үзмэрүүдийг Их газрын чулууны байгаль хамгаалагчаар олон жил ажилласан Ж.Цэмбэлдорж сумынхаа сургуульд бэлэглэжээ. Тэрээр Их газрын чулуу орчмын нутаг дэвсгэрт ургадаг эмийн ургамалуудыг судалж, эмчилгээний ямар арга засалд аль ургамал илүү сайн зохицолдогийг мэддэг, ховордож буй ургамалыг хатааж ийнхүү үзмэр болгож үлдээдэг байжээ.

Их газрын чулууг зорин ирсэн аялагч, жуулчдад үзмэрээ сонирхуулдаг, Их газрын чулууг музей үзэж байгаа мэт сонирхолтойгоор тайлбарладаг байсныг нутгийнхан нь одоо ч ярьдаг.

Түүний бэлдсэн үзмэрт модны үндэс, ураар урласан болон байгалийн тогтоцоороо байгаа элдэв чамин дүрснүүд бас байна. Ж.Цэмбэлдорж гуайн бэлэглэсэн байгалийн музейг газар зүй, байгалийн шинжлэлийн хичээлд ашигладаг бөгөөд хүүхдүүдийнхээ оролцоотойгоор музейг баяжуулахад анхаарч байгаа гэж сургуулийн захирал Ж. Цэцэгдэлгэр ярилаа.

Тус сургуулийн “Ногоон ирээдүй” клубын хүүхдүүд музейгээ хариуцан, байгалийн үзэсгэлэнт газруудын гэрэл зургаар баяжуулаад байгаа ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд