Энэтхэг улс хоёр фронт дээр зэрэг дайтахад бэлэн байх ёстой гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-09-07 11:02:22
ШИНЭ ДЕЛИ. /VOA/. Хятад болон Пакистантай нэгэн зэрэг дайтахад Энэтхэг улс бэлэн байх ёстой гэж тус улсын армийн генерал хэлсэн байна. 

Өнгөрсөн долоо хоногт Гималайн бүсэд гарсан өдөөн хатгалгыг хятадууд үйлдсэн бөгөөд тэд манай улсын газар нутагт өнгөлзөх явдлаа үргэлжлүүлсээр байх болно гэж генерал Бипин Рават анхааруулжээ.

Тэрбээр хэлэхдээ "Бутаны газар нутагт байдаг Докламын өндөрлөгт ч мөн энэ мэт явдлууд гарсаар байгаа бөгөөд энэ нь Энэтхэгийн хойд хилд илүү том мөргөлдөөн болж хувирч магадгүй. Хэрэв томоохон мөргөлдөөн гарлаа гэж бодоход Пакистан улс боломжийг ашиглан эртний өс хонзонт дайсандаа баруун талаас нь цохилт өгөх боломжийг алдахгүй нь мэдээж. Хойд болон баруун хил дээр үүсч болзошгүй мөргөлдөөнд бид бэлэн байх ёстой. Манай баруун хязгаарт буй дайсагнагч талын хувьд /Пакистан/ нэгэнт тэдний цэрэг, улстөрчид болон ард түмэн нь Энэтхэг улс Пакистаныг хэдэн хэсэг болгон сүйрүүлэхийг хүсдэг гэж үздэг учраас бидний хооронд ямар нэгэн эвлэрэл бий болно гэж бодохгүй байна" гэжээ.

Энэтхэг болон Пакистан нь 70 жилийн өмнө Их Британиас салж тусгаар тогтносноос хойш 3 удаа хоорондоо дайтсан билээ. Мөн Энэтхэг, Хятад хоёр хоорондоо нэг удаа дайтсан юм. Эдгээр гурван улс нь цөмийн зэвсэгтэй гэгддэг ч генерал Раватын үзэж байгаагаар, энэ нь хэн нэгнийг айлгах хүчин зүйл болохгүй ажээ. Тэрбээр цааш хэлэхдээ “цөмийн зэвсэг нь бусдыг айлгадаг тогтоон барих зэвсэг мөн үү? Мэдээж мөн. Гэхдээ энэ нь дайн дэгдэхээс сэрэмжлүүлнэ гэвэл ташаа ойлголт болно” гэсэн байна.

Шинэ Делид төвтэй судалгааны байгууллага болох Хуурай газрын дайн судлалын төвөөс зохион байгуулсан семинарын үеэр тэрбээр ингэж хэлсэн байна. 
Х.Сарнай 

 


Холбоотой мэдээ