Ч.Сайханбилэг: Шилэн дансны хууль хэрэгжүүлээгүй бол ажлаас нь чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-06 16:39:12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлээд 10 сар болсон. Энэ хугацаанд хуулийн үндсэн зорилт хэрэгжиж эхэлсэн. Олон улсын төсвийн түншлэлийн байгууллагаас улс орнуудын төсвийн ил тод, нээлттэй байдлын судалгааг явуулдаг бөгөөд Монгол Улс 2015 оны байдлаар 51 оноо авсан байна. Монгол Улсын  төсвийн иргэдийн оролцоо 19 оноо авсан нь дэлхийн дунджаас доогуур үзүүлэлт юм. Шилэн дансны хууль цаашид амжилттай хэрэгжсэнээр энэ үзүүлэлт нэмэгдэнэ гэж үзэж байна хэмээн Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, Шилэн дансны тухай хуулийг зохион байгуулалт, хэрэгжилт, хяналт шалгалт гэсэн гурван үндсэн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

56 төсвийн ерөнхийлөн захирагчийн 5 мянга 172 төсвийн байгууллага, 271 орон нутгийн өмчит газар, 79 төрийн өмчит хувьцаат компани, төрийн өмчит үйлдвэрийн газар төсвийн мэдээллээ олон нийтэд нээлттэй хүргэж буй юм.

Төсвийн ерөнхийлөн захирагч нар тодорхой хугацааны давтамжтай нэг удаа байршуулах мэдээлэл, Өөрчлөлт гарснаас хойш 7 хоногийн дотор байршуулах мэдээлэл, Худалдан авах ажиллагааны талаар байршуулах мэдээлэл, 5 сая төгрөгөөс дээш дүнтэй зардлын мэдээлэл, Өглөг, авлага, санхүүгийн арга хэрэгслийн хүрээнд үүссэн өр төлбөрийн мэдээллийг байршуулж байна.

Өнөөдрийн байдлаар төсвийн ерөнхийлөн захирагч нар цахим хуудсаар дамжуулан нийт 229 мянга 279 мэдээлэл байршуулсан байна. Энэхүү тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлэн хяналт, шалгалт хийлгэж байна.

Хуулийн хэрэгжилтэд иргэд ч мөн хяналт тавьж байна. Шилэн дансны цахим хуудсанд нийт 166 мянга 879 иргэн хандалт хийж, давхардсан тоогоор 2.1 сая мэдээлэл авсан байна.

Хуулийн хэрэгжилтийн явцад олон нийт мэдээллийг цогц байдлаар авах боломжийг бүрдүүлээгүй, татвар төлөгчдийн итгэлийг бүрдүүлэх, төсвийн сахилга бат, хариуцлага хяналтыг дээшлүүлэх шаардлагатай зэрэг хэд хэдэн дутагдал гарсан. Тиймээс Засгийн газраас хуулийн хэрэгжилтийг сайжруулах дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Үүнд, мэдээлэл тавих эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулах, хууль хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох, олон улсын байгууллагуудаас төсвийн ид тод, нээлттэй байдалд өгч байгаа үнэлгээ, өгсөн зөвлөмжийг ашиглан хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, иргэдийн оролцоог сайжруулах арга хэмжээ хэрэгжүүлэх болно” гэлээ.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Н.Номтойбаяр гишүүн танилцуулав.

Тэрбээр, Хуулийн хэрэгжилтийг хангахад Засгийн газар туйлын хариуцлагагүй ажилласан гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэж байна. Шилэн дансны тухай хууль эрх зүйн зохицуулалт нь төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төрийн байгууллагын санхүүгийн мэдээллийг ил тод болгох, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл явцыг үр ашигтай болгоход онцгой ач холбогдолтой. Эдгээр зорилтууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар Ерөнхий сайд тодорхой тоймтой хариулт өгч чадсангүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 41.1-д зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд нь төрийн хуулийг хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцах ёстой. Гэтэл Ерөнхий сайд шилэн дансыг цаг хугацаанд нь хөтлөх үүргээ биелүүлэхгүй явж ирлээ. Ерөнхий сайд өөрийн эрх мэдлийн хүрээнд хуваарилагдсан 77 тэрбум төгрөгийн зарцуулалт, тендер, худалдан авалтууд, Засгийн газрын нөөц сангийн 23 тэрбум, нийт 100 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулснаа одоо болтол шилэн дансандаа тайлагнасангүй. Тиймээс таныг үлгэр дууриал үзүүлж, алдаагаа засахыг хүсье. Хэрэв шилэн дансаа хөтөлж, хууль хэрэгжүүлэхгүй байвал хариуцлага тооцох нэг үндэслэл болно гэдгийг анхааруулан сануулъя.

Шилэн дансаа хөтөлж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ард түмний өмч хөрөнгийг хайр гамгүй зарцуулсан ноцтой зөрчлүүд  олноор илрэх боллоо. Тухайлбал, "Эрдэнэс Оюу Толгой" ХК хуулийн зөвлөх үйлчилгээнд зарцуулсан 1 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлж авсан нь шилэн дансны мэдээллээр ил боллоо. Зөвлөх үйлчилгээ нэрээр татвар төлөгчдийн хэдэн арван тэрбум төгрөгийг ганцхан гарын үсгээр гулгуулан гаргадаг, үр дүн нь тодорхойгүй, ашиг сонирхлын ноцтой зөрчил дагуулдаг асуудлыг нухацтай шалгаж арга хэмжээ авах цаг болсон гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгээс сануулж байна. Шилэн дансны тухай хуулиа дагаж мөрдөөгүй, тайлангаа хөтлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай хариуцлага тооцохыг шаардаж байна.

Цаашид шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, эдийн засгийн хямралтай өнөө үед төсвийн сахилга батыг чангатгах, олон нийтэд нээлттэй ил тод мэдээллийг өгөх замаар ард түмний хөрөнгөнд бүх нийтийн хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр дараах хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Тухайлбал, хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх журмыг боловсруулж Засгийн газар бүх шатанд хатуу мөрдүүлэх, Шилэн дансны мэдээллээ устгах, засварлах, тогтсон хугацаанд тайлагнахгүй байх зэрэг зөрчлийг таслан зогсоох, Шилэн дансны хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтныг цалингийн 20 хувиар торгоод өнгөрдөгөө зогсоох, Шилэн дансны тухай мэдээлэлд ҮАГ, АТГ газар дүгнэлт хийж мөрөөр нь шуурхай арга хэмжээ авдаг болох зэргийг нэрлэж болох юм” гэлээ.

Ерөнхий сайдын танилцуулгын дараа гишүүд асуулт асууж, санал хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Эдийн засгийн хүндрэлтэй үед төсвийн төгрөг бүрийг нарийн хянах ёстой. Үүнд Шилэн дансны тухай хууль чухал. Бидэн тараасан мэдээллээр 15 аймгийн удирдлагууд хуулийг хэрэгжүүлээгүй гэсэн мэдээлэл ирүүлсэн байна. Эдгээр хүмүүст ямар хариуцлага тооцсон бэ. Засгийн газрын өрийн хэмжээг шилэн дансны хуулийн дагуу нийтэд мэдээлсэн үү хэмээн тодруулав.

Уг асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шилэн дансны хууль анх удаа баталсан учраас хэрэгжилтэд алдаа мадаг их гарч байна. Энэ хууль бидэнд шинэ харилцаа, ажлын шинэ зохион байгуулалтыг бий болгож байгаа юм. 56 төсвийн ерөнхийлөн захирагчийн 5 мянга 172 төсвийн байгууллага, 271 орон нутгийн өмчит газар, 79 төрийн өмчит хувьцаат компани, төрийн өмчит үйлдвэрийн газар 229 мянга 279 мэдээлэл байршуулсан байна. Мөн 166 мянга гаруй хүн шилэн дансны сайтад хандсан. Тиймээс хуулийн хэрэгжилт харьцангуй сайн гэж үзэж болно. Саяхан 3 аймгийн засаг дарга, 3 яамны удирдлагуудын цалинг тодорхой хугацаагаар хассан. Энэ бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарт ч үлгэр жишээ болсон. Бид зээлийн хэмжээ, 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөл зэрэг 30 мянга гаруй мэдээлэл байршуулсан” хэмээн хариулав.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Та одоо 1 тэрбум төгрөгийн багцтай байгаа юм байна. Гэхдээ та 5 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийдэггүй гэж мэдээлэл ирүүлсэн. Таны гүйлгээнд аудитын байгууллагаар шалгалт хийлгэх боломжтой юу. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хаалтын гэрээ хийсэн яамдад ямар хариуцлага тооцох вэ” хэмээн асуув.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхий сайдын бүх гүйлгээг ЗГХЭГ хариуцдаг. Ерөнхий сайд өөрөө хуулийн хэрэгжилтийн хангах ёстой. Хуулийнхаа дагуу л явуулж байгаа. Нэг зүйл хаалттай байгаа нь төрийн өндөр дээд айлчлалын үеийн зардлын мэдээлэл байгаа юм. Хуулийг хангалтгүй хэрэгжүүлсэн гурван аймгын Засаг дарга, БСШУЯ, БХЯ-ны удирдлагуудтай хариуцлага тооцсон тухай танд хэлсэн. Хэрэв цалинг нь хасаад ажлаа сайжруулахгүй бол ажлаас нь халах арга хэмжээ авна.” хэмээн хариулав.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ