Аврагчид ур чадвараа дээшлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-11 20:48:32
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-аас албан хаагчдынхаа ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ алба хаагчдад дадлага сургалт өгөх зорилгоор уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг амжилттай зохион явууллаа.

Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг энэхүү сургууль тав хоногийн турш Алтанбулаг суманд байрлах “Гүннуур”, Сүхбаатар сум дахь Орхон голын эрэг дээр болж,  Сэлэнгэ аймгийн аврах, гал түймэр унтраах 19, 36, 40, 61-р ангиуд, ХЦ-ийн 0243-р ангиуд оролцож, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, дадлага сургалтад хамрагджээ. Энэ жилийн хувьд ХЦ-ийн 0243-р ангийн шуурхай бүлгийн дайчид анх удаа хамрагдаж, анхан шатны дадлага сургууль эзэмшсэн байна. Тус ангийн хариуцсан хилийн нийт 20 гаруй хувьд нь усан хил байдаг бөгөөд “Цөх” голын орчмоор үргэлжилсэн усан хилээр ОХУ-тай хиллэдэг ажээ. Иймээс тус ангийн алба хаагчид энэхүү сургалтанд хамрагдаж, уснаас эрэн хайх аврах анхан шатны мэдлэг, чадвартай болсноороо онцлогтой болжээ.
Энэхүү уснаас аврах ажиллагааны дадлага сургууль нь журмын дагуу жилд хоёр удаа зохион байгуулагддаг бөгөөд аймгийн ОБГ-ын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын нэг юм. Тус дадлага сургууль нь өвөл болон зун явагддаг бөгөөд өвөл гол хөлдсөний дараа, харин зуных нь 6-9 сард болдог ажээ. ОБГ-ынхаа төлөвлөгөөнд жил бүр орж явдаг эл сургуулийн гол зорилго нь усанд осолдож буй нэрвэгдэгчдийг аль болох түргэн хугацаанд аврах, аврагчид өөрсдийнхөө мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэдэг байна. Энэ удаа уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион явуулах журам, аврагч шумбагчийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, шумбагчийн дохио, завь сэлүүрдэх болон моторт завь барих арга техник, усанд осолдсон нэрвэгсдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, амилуулах суурь тусламж үзүүлэх арга техник зэргийг заасан байна. Түүнчлэн гүний шумбагчийн өмсгөл аппарат, түүнийг хэрэглэх арга техник, горим, завьтай аврах ажиллагааг зохион байгуулах, үер болон болсон тохиолдолд нэрвэгсэд болон эд хөрөнгийг завиар зөөвөрлөх арга ажиллагаа, урсгал усанд аврах ажиллагаа, урсгал усанд сэлэх, шумбах арга техник зэрэг нийт 43 цагийн онол, дадлага хосолсон сургалтыг явуулжээ. Сургуулийн төгсгөлд анх удаа шинээр хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ олголоо.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ