Дотуур байргүй болсон 60 гаруй хүүхдүүд найман гэрт хуваагдан амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-16 22:14:41
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын дотуур байрыг 2015 онд Мэргэжлийн хяналтын газраас акт тавьж зогсоосон учир энэ хичээлийн жилд дотуур байранд амьдрах 150 гаруй хүүхдүүдийн 60 гаруй нь 8 гэрт хуваагдан амьдарч байна.

Тус сум нь цэвдэгтэй газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэлтийн үед дотуур байр гурав хуваагдан цуурсан учраас үйл ажиллагааг нь зогсоожээ. Баянзүрх сумын сургуульд 700 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд эмэгтэй хүүхдүүдийг хуучин сургуулийн талыг дотуур байр болгон нэг ангид 16-20 ор тавьж охидыг оруулсж, хөвгүүдийг гэр барин байлгаж байна. Гэхдээ хүйтний улирал ирж байгаа учраас даарах, ханиад томуу хүрэх тохиолддол нэмэгдэж байгаа учраас энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлтийг сумын Засаг даргын орлогч Б.Батбаяр аймгийн Онцгой комиссын хуралдаан дээр танилцуулав. Хуралдаанаар энэхү асуудлыг авч хэлэлцэн хуучин ашиглагдаж байсан 75 хүүхдийн дотуур байрыг яаралтай засварлан ашиглалтанд оруулж хүүхдүүдийг орох оронтой болгох асуудалд онцгой анхаарч ажиллахыг Аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд үүрэг болголоо.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ