ХӨВСГӨЛ: Бяслагийн үйлдвэр 400 гаруй бяслаг үйлдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-24 15:58:45

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Тосонцэнгэл суманд байгуулсан бяслагийн үйлдвэр 8 дугаар сарын 10-наас үйл ажиллагаагаа эхэлж нэг сарын хугацаанд 400 гаруй бяслаг үйлдвэрлэжээ.


Тус үйлдвэрт хагас хатуу Gouda, зөөлөн Cheddar гэсэн хоёр төрлийн бяслаг үйлдвэрлэж байна. Бяслаг сараас дээш боловсорч байж худалдаанд гардаг. Бяслагийг хоёр жил хүртэл хугацаанд хадгалж болно.


Аймгийнхаа үзэсгэлэн худалдаанд орохын тулд сарын өмнөөс бэлтгэлийг базаасан. Бид олон улсын стандартад нийцсэн бяслаг үйлдвэрлэж байна. Бидэнд 1994 оноос хойш бяслагийг Голланд, Английн алдартай бяслагийг Монголд нутагшуулсан Ё.Цэцэгээ мэргэжилтэн зөвлөн ажиллаж байна. 


Өнөөдөр бяслагаа танилцуулах амталгаат худалдаа явуулж байна. Иргэд амттай байна гээд маш сайхан хүлээж авч байна гэдгийг үйлдвэрийн ажилтан О.Удвал хэллээ.


Тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар өнөөдрийн байдлаар 4 хүн тогтмол ажлын байртай болж, 10 өрх тогтмол сүүгээ өгч байна.

Цаашид өвлийн улиралд сүү элбэг байвал тогтмол ажиллах боломжтой гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байлаа.







 

Холбоотой мэдээ