Хэнтийн баялаг бүтээгчид 84.8 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-17 20:35:49
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн ЗДТГ-аас уламжлалт “Хэнтийн намрын баяр-2017” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Төв цэнгэлдэхэд зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд оролцсон 18 сум, 1 тосгоны баялаг бүтээгчид нийт 84.8 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.  

Үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр Бор-Өндөр, Дархан, Хэрлэн, Баянмөнх, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Мөрөн сумдын Мал эмнэлэг, үржлийн тасагт Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ард иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор ХХААХҮЯ-аас “Ямаха” брэндийн мотоциклийг гардуулан өгөв. Мөн энэ үеэр Бор-Өндөр, Мөрөн сумд сум сурталчлах үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж, урлагийн тоглолтоор үзэгчдэд бэлэг барив.

Хэнтий аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан ярихдаа “Өрх бүр ногоо үйлдвэрлэгч” аян Хэнтий аймагт өрнөсний үр дүнд иргэд үзэсгэлэн худалдаанд өмнөх жилүүдээс илүү идэвхтэй оролцож, үйлдвэрлэлийн чанар, шошго, стандарт сайжран, бүтээгдэхүүний төрөл зүйлүүдийг нэмэгдүүлсэн байна" гэлээ. 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ