Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай анги бий болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-19 15:52:49
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт мэргэжлийн багш нар тусгай хэрэгцээт боловсролыг олгож байна. 
Өмнөговь аймгийн Засаг даргын "Бид хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Тусгай хэрэгцээт боловсролыг хөгжүүлж, сургууль цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги бүлгийг нээн ажиллуулна" гэж тусгасан билээ.
Энэхүү заалтыг хэрэгжүүлж 1200 хүүхдийн суудалтай 5 дугаар сургууль, 23 дугаар цэцэрлэгт тусгай хэрэгцээт боловсрол олгох нэг нэг ангийг гаргалаа. Уг ангиудаа орон нутгийн төсвийн 100 орчим сая төгрөгөөр тохижуулсан юм. Тусгай хэрэгцээт боловсрол олгох мэргэжлийн багш нартай аймгийн удирдлагууд хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна. 
15 хүүхдийн суудалтай нэг нэг ангийг ийнхүү гарган 2017-2018 оны хичээлийн жилд анх удаа ажиллуулж эхэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй гэж нийгмээс тусгаарлахгүй үе тэнгийхэнтэйгээ нэгэн эгнээнд боловсрол эзэмших болсонд эцэг эхчүүд талархалтай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бие бялдрыг хөгжүүлэхээс гадна боловсролоо дээшлүүлж, ээж аавд нь ажил хөдөлмөр эрхлэх боломжуудыг олгосон энэхүү тусгай хэрэгцээт боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа үр дүнгээ өгч байна.
Тусгай мэргэшсэн багш нарыг Улаанбаатар хотоос урилгаар авч ирж багшуулж буйгаараа илүү үр дүнтэй юм. Ирэх жилүүдэд үйл ажиллагааг нь илүү дэмжиж анги танхимыг тохижуулах, олшруулах тал дээр эцэг эхчүүдтэйгээ санал солилцож байгаад сайжруулна гэдгээ аймгийн удирдлагууд хэллээ.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ