Дэрэвгэр жиргэрүү түүхийг хэдэн жил хориглох нь зүйтэй гэж үзэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-20 15:48:33
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ жил БОАЖЯ-наас Дорнод аймгийн Халхгол, Матад, Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн, Цагаан-Овоо сумын нутгаас 35 тонн дэрвэгэр жиргэрүү түүх зөвшөөрөл олгожээ.
“Тусгай зөвшөөрөлтэй, газраа нөхөн сэргээдэг, мэргэжлийн 10 орчим аж ахуйн нэгжид дээрх зөвшөөрлийг олгосон. Үүний зэрэгцээ иргэд зөвшөөрөлгүй түүх тохиолдол гардаг. Орлогогүй, ажилгүй иргэд мөнгө олох гэж л ийм үйлдэл хийдэг. Хянаж шалгаад, түүсэн түүхий эдийг нь хурааж, торгууль тавьж буй ч дийлдэггүй. Худалдаж авах зах зээл нь байгаа учраас зогсохгүй байна” гэж тус аймгийн БОАЖГ-ын дарга А.Гантулга ярив.
Тус аймгийн хэмжээнд томоохон ажлын хэсэг гарч, байнга хяналт шалгалт явуулж байгаа юм.
Цөлжилт, ургамал, бэлчээрийн хомсдол үүсэх аюулаас сэргийлэх зорилгоор тус аймгийн ЗДТГ-аас ирэх жил уг өвсийг түүлгэхгүй байх бодлого барьж, салбарын яам руу нөөц байхгүй гэдэг санал өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Аймгийнхаа ИТХ, ЗДТГ-ын түвшинд энэ чиглэлээр ярилцаж шийдэлд хүрчээ.
Нэгэнт хорьчихвол ямар ч хүн түүх боломжгүй. Энэ маягаар 3-4 жил өнжиж чадвал байгалийн жамаараа нөхөн сэргэж, нөөц нь нэмэгдэнэ. Цашид энэхүү байгалийн баялгийг зохистой хэмжээнд ашиглах бодлогын тус аймгийн зүгээс барьж байна.
Дэрэвгэр жиргэрүү ургамал нь газрын судас гэгддэг, байгаль, эко системд чухал үүрэгтэй эмийн ургамал юм. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ