Иргэд, иргэний байгуулагынхан АТГ-тай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-09 16:50:41

Авлигатай тэмцэх газар "Ардчиллын боловсролын төв" /DEMO/ төрийн бус байгууллагатай хамтран иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөд  “Авлигатай тэмцэхэд Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэж буй үүрэг” сэдэвт уулзалтыг зохион байгуулсан байна. 

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид “Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт” сэдвээр мэдээлэл сонсч, дараа нь тус газрын хэлтэс, албадын үйл ажиллагаатай биечлэн явж танилцсан юм. Оролцогчдод тус газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гомдол, мэдээллийг хэрхэн хүлээн авч шийдвэрлэдэг, ямар төрлийн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг, хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бүртгэж, хянадаг, мэдүүлэг гаргагч нарт хууль тогтоомжийг таниулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлдэг, түр байцаах болон байцаалтын өрөөний стандарт зэргийг танилцуулж, сонирхсон асуултад нь Авлигатай тэмцэх газрын албан хаагчид хариулт өгөв. 

Уулзалтын арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат, Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир, Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар А.Батхуяг нар оролцож, төлөөлөгчдийн санал бодлыг сонслоо.  “Захиргааны шинэ санаачилга” төрийн бус байгууллагын тэргүүн С.Цэрэнпүрэв “Хүүхдэд зориулсан “Шударга мазаалайнууд”, “Туулайхүүгийн адал явдал” зэрэг ном гаргасан нь зөв зүйтэй ажил болжээ. Ирээдүй хойч үедээ шударга ёсыг таниулах нь маш чухал”, Гамшгийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Ганбаатар “АТГ-ын үйл ажиллагаатай танилцаад сэтгэгдэл өндөр байна. Хийсэн ажил байна. Би АТГ-ыг нийгэмд үйлчилдэг байгууллага гэж ойлгодог. Танай ажлын 70 хувь нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа шүү. Яг онцгой байдлын чиг үүрэгтэй адил. Гэтэл энэ ажил дутмагаас иргэд АТГ-ыг төрийн төмөр нударга гэж хараад байна” зэргээр саналаа хэллээ. 

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням “Бидний хувьд бага цомхон бүтцээр авлигатай тэмцэх амаргүй ажлыг гүйцэтгэж байна. Та бүхний туслалцаа бидэнд маш их хэрэгтэй. Үүний тулд төрийн бус байгууллагууд чадваржих ёстой. Төрийн бус байгууллагууд чадвартай байх тусмаа төрийн тодорхой чиг үүргийг хийж гүйцэтгэх боломж нэмэгдэнэ. Төрийн бус байгууллагууд аль болох улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулах нь чухал. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр явуулж буй ажлыг өөрсдийн чиглэлээр олон нийтэд сурталчлахад хамтран ажиллах хэрэгтэй байна” гэлээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ